Боловсролын талаарх баримтлах бодлогыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Боловсролын талаарх баримтлах бодлогыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна.

Өмнөх асуудал дээр хурал орхин гарсан МАН-ын гишүүдээс хуралдаанд эргэн сууцгаасан ч ирц мөн л хангалтгүй хэмжээнд буюу есөн гишүүн л байв. Гишүүдээс асуулт, саналууд гарсан бөгөөд гишүүн Ц.Даваасүрэн “Сурах бичиг муу болсон байна. Би хоёр хүүхдийнхээ хичээлийг нь заах гээд ойлгохгүй юм. Дасгал, онол гэж өмнө нь байсан биз дээ. Одоо бол хэтэрхий туйлшраад сайн багшийн сурах бичгээр явна гээд заваан юм хийчихсэн. Их дээд сургуулиудын хувьд тодорхой заалт олж харсангүй” гэж шүүмжилж  “Азийн шилдэг сургуульд дөрвийг оруулна гэдэг чинь юун дээр тооцоолсон том зорилт вэ” гэж асуухад Боловсролын сайд Л.Гантөмөр “Бид шилдэг сургуулиудад тавьж буй шалгууруудыг харсан. Төрийн өмчийн сургуулиудын хувьд судалгааны чадавхийг дээшлүүлж, шинжлэх ухаанаас мөнгө олох, гадны шилдэг хөтөлбөрийг сургалтанд нэвтрүүлэх, гаднаас авах оюутны тоог нэмэгдүүлчихвэл шилдэг 100-д багтах боломжтой” хэмээн хариулав.

Гишүүн Ц.Даваасүрэн нэмж асуулт тавьж “Залуу гэр бүлийн хувьд орон нутагт асуудал байна. Жишээ нь зургаан настай хүүхдийг сургахын тулд нэг нь төв дээр хүүхэдтэйгээ хамт байх шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийнхэн хамтдаа байх боломжгүй. Санхүүгийн хувьд ч хүндрэл гарч байна” гэв. Хариуд нь сайд Л.Гантөмөр “Орон нутагт зургаан настай хүүхдийг хүлээн авах дотуур байрны асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Ирэх жилийн өдийд тодорхой үр дүн харагдана. Хот хөдөөгийн хүүхдүүд гэдгээрээ нэг хэсэг нь зургаан настайгаас, нөгөө хэсэг нь долоон настайгаасаа сургуульд орно гэж байж болохгүй” гэв.

Дараагаар нь Д.Дэмбэрэл “ЕБС-ийг нэг ээлжтэй болгоно гэж байна. Сурагчдын амралтыг тооцсон уу. Гол нь халаалтын асуудал шүү дээ. Сургуулиудын хувьд халаалтандаа бүх зардлаагаргадаг, гэтэл хүүхэд хөгжүүлэхтэй холбоотой ямар ч зардал алга. Мөн гадаад хэл гэдэгт зөвхөн англи хэлийг сонголтгүйгээр сурахыг хэлээд байна уу. Уран зохиолын хичээлийг хасна гэх яриа юу болсон бэ” хэмээсэн байна.

Сайд Л.Гантөмөр хариуд нь “Сурагчид амарсан эсэхээс үл хамааран байрны халаалтыг хийхгүй бол хөлдчихнө.  Англи хэлний сургалтын үндэсний хөтөлбөрийг батална. Англи хэлний багш нарын чадварыг гарцаагүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Орос хэлний сургалттай сургуулиуд ч, герман хэлний арав гаруй сургалттай сургууль ч байна. Аль алиныг нь анхаарч байгаа. Хариуцлагатайгаар хэлэхэд уран зохиол, түүхийн хичээл хэзээ ч хасагдахгүй. Энэ бол цуурхал, гүтгэлэг байсан”гэв.

Мөн асуудалтай холбоотойгоор М.Энхболд “Нэг ээлжээр хичээллэх боломж нь юунд байна. Боловсролын хувьд дээд боловсролтон бэлтгэх тоогоо багасгаж, мэргэжилтэй боловсон хүчин бий болгох талын бодлого тусаагүй юм уу”, Л.Гантөмөр “Дэлхийн шилдэг 100-н сургуульд элссэн оюутны зардлыг төрөөс даах бодлогыг бид хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд ганц жилд 100 гаруй оюутан шилдэг сургуулиудад элсэн суралцсан байна. Ё.Отгонбаяр “Бодлого хэрэгжих арга механизм, хугацаа, төсөв хөрөнгөтэй байж хэрэгжинэ. Гэтэл энд аль аль нь алга”, Ө.Энхтүвшин “зургаан настай хүүхдийг сургах шийд бол зөв шийдэл. Гол нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаа л шийдэх ёстой” гэж саналаа хэлцгээсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж