Р.Манлай зуун буудалт даамын олон улсын тэмцээнд түрүүлж, 30 мянган юаниар шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Р.Манлай зуун буудалт даамын олон улсын тэмцээнд түрүүлж, 30 мянган юаниар шагнууллаа

БНХАУ-ын Хөлунжян мужийн Ичунь хотноо зуун буудалт даамын гурван улсын анхдугаар уулзалт тэмцээн энэ сарын 2-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. ОХУ, БНХАУ, Монгол гэсэн гурван улсын шилдэг даамчдын оролцсон тус тэмцээнийг БНХАУ-ын даамын холбооноос зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагч Хятадын талаас 13 эрэгтэй, 11 эмэгтэй, ОХУ-аас хоёр эрэгтэй, харин манай улсаас найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцож, тэмцээнд нийт 36 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Тамирчид нийт есөн тойрог тоглосон бөгөөд манай тамирчид илт илүүрхэж, эрэгтэйчүүдийн төрөлд Олон улсын даамын холбооны мастер Р.Манлай 15 оноогоор тэргүүлж, аваргын алтан медаль 30 мянган юанийн шагнал хүртжээ. Түүний нийт тоглолтын дүнг танилцуулбал:
1-р тойрог: Ван Вен сун 0:2 Р.Манлай
2-р тойрог: Р.Манлай 2:0 Лью Юү жин
3-р тойрог: Р.Манлай 2:0 Жень Цө
4-р тойрог: Вячеслав Варламов 1:1 Р.Манлай
5-р тойрог: Р.Манлай 2:0 Д.Эрдэнэбилэг
6-р тойрог: Р.Манлай 1:1 О.Түвшинболд
7-р тойрог: Э.Энх-Эрдэнэ 0:2 Р.Манлай
8-р тойрог: Д.Ганболд 0:2 Р.Манлай
9-р тойрог: Р.Манлай 1:1 О.Энхбат
Түүнчлэн их мастер Д.Эрдэнэбилэг зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсоноор 14 оноотой хоёрдугаар байрт шалгарч, 15 мянган юанийн шагнал хүртсэн бол ОУДХ-ны мастер О.Түвшинболд дөрөв хожиж, тав тэнцэж, 13 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна. Тэмцээнд оролцсон манай бусад тамирчдын тухайд Э.Энх-Эрдэнэ гурав хожиж, тав тэнцэж, нэг хожигдож, зургадугаар байрт, Д.Баттулга хоёр хожиж, долоо тэнцэж долдугаар байрт, харин О.Энхбат дөрөв хожиж, гурав тэнцэж, хоёр хожигдсон амжилтаар есдүгээр байрт шалгарчээ. Мөн Т.Пүрэвдорж 11-р байрт, Д.Ганболд 14-р байрт тус тус бичигдсэн байна. Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын нэрт даамчин, дэлхийн арван удаагийн аварга Алексей Чижов шагналт тавдугаар байрт шалгарсан юм.
Харин манай эмэгтэй даамчдын хувьд М.Нямжаргал гурав хожиж, гурав тэнцэж, хоёр хожигдсоноор есөн оноотой мөнгөн медаль хүртсэн бол Б.Түвшинзаяа хоёр хожиж, дөрөв тэнцэж, гурав хожигдсоноор зургадугаар байрт шалгарсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж