Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Компанийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 6 дугаар зүйлийн 6.12^ дахь хэсэг:

“6.12^. Төр болон бусад хуулийн этгээд  аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж буй хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэхдээ дүрэмдээ заасан эрх бүхий этгээдээс томилсон төлөөлөгчөөр  дамжуулан  төлөөллөө хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөөлөгч нь уг төлөөллийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль болон тухайн компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдээс өгсөн удирдамжийг үндэслэх ба энэхүү удирдамжаас өөрөөр санал гаргасан нь түүнийг энэхүү төлөөллийг хэрэгжүүлэх эрхээс чөлөөлөх үндэслэл болно.”

2/ 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:

“Хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.”

3/ 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалт:

“60.5. энэ хуулийн 60.2.8-д заасны дагуу томилогдсон дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ХЭХ-ийг даргалах бололцоогүй болсон тохиолдолд энэ тухайгаа ТУЗ-д мэдэгдэх ба ТУЗ хурлын даргыг хурал болохоос өмнө дахин томилно.”

4/ 79 дүгээр зүйлийн 79.1.5 дахь заалт:

“79.1.5. хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.”

2 дугаар зүйл. Компанийн тухай хуулийн дараах хэсэг, заалт, өгүүлбэрийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 77 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх өгүүлбэр:

“77.4. Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох саналыг тус тусад тоолно.”

3 дугаар зүйл. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “үүсгэн байгуулагчдын” гэснийг “байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн” гэж, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй” гэснийг “бусад үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаж болно.” гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн “45-аас доошгүй хоногийн өмнө байна” гэснийг “хурал хуралдуулах тухай шийдвэр гарсан өдрөөс өмнө байж болохгүй” гэж, 76 дугаар зүйлийн 76.1.11 дэх хэсгийн “дүгнэлт” гэсний дараа “гаргаж түүнийгээ ХЭХ-д танилцуулж батлуулах” гэж, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийн “дэвшүүлж” гэснийг “дэвшүүлэх саналаа тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд ирүүлж” гэж, 79 дүгээр зүйлийн  79.1.2. дэх заалтын “эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй” гэснийг “ажил, албан тушаал эрхэлдэггүй эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхлэж байгаагүй” гэж, 80 дугаар зүйлийн 80.13 дахь хэсгийн “хувьцаа эзэмшигчдийн” гэснийг “төлөөлөн удирдах зөвлөлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигчдийн” гэсний өмнө “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.10,  62.1.11 дэх заалтын “энэ хуулийн” гэсний өмнө “төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд” гэж, 63 дүгээр зүйлийн 63.4 дэх хэсгийн “тус бүрээр” гэсний дараа “хурлын ирц болон” гэж, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсгийн “хуралдах өдрийг” гэсний дараа “ТУЗ-өөс гэж, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн “хурал” гэсний өмнө “ээлжит” гэж тус тус нэмэх.

5 дугаар зүйл. Компанийн тухай хуулийн 80.10 дахь заалтыг хасах.

6 дугаар зүйл. Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА    

                 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж