Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Би хөх монголын тасархай

“Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой алдартай түүхэн газар.
Тэмүжин Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр дайсан тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав. Энэ бол эртнээс боржгон овогтны нутаг билээ…

Харх зүрх уулан дээрээс Хөх нуур

Тэмүжин Есүхэй баатрын үед сүй тогтоосон Бөртэ үжинг авч нутаг буцахад монгол заншлаар хадам эцэг эх ойр садныхан хамт явжээ. Гэтэл Хэрлэнгийн Ораг цөл гэдэг газраас Дай сэцэн гэдрэг буцсан байна. Нууц товчоонд ямар учраас буцсаныг тэмдэглэсэнгүй. Лу “Алтан товч”-д мариан халуун болж Хэрлэн өөд харив гэжээ. Гэхдээ сүүлийн үед эрдэмтэд Амбагай хааны өөрийн биеэр охиноо урагт хүргэж өгөхийг цээрлэсэн гэрээслэлийг биелүүлсэн гэх болж. Ингээд охиныг хүргэхийг Дай сэцний гэргий Цотан дааж аван Тэмүжиний нутаглаж байсан Сэнгүр горхины Хөх нуурт хүргэж өгчээ. Энэ үед Тэмүжин хэдэн настай байсныг олонх баримт бичигт тэмдэглсэнгүй харин Саган сэцэний “Эрдэнийн товч”-д арван долоон насандаа буюу шар нохой жил\1178он\ Бөртэ үжинг авлаа гэж тодорхой бичжээ…

Шаргачин тахиа жил буюу 1189 онд Тэмүжин хорин найман настай байсан бөгөөд түүний гэр нь Хэнтий ханы өвөрт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байлаа. Түүнийг хүрээлэн дагаж байсан хамаг монголчууд зөвлөлдөөд Хотула хааны гутгаар хөвгүүн Алтан отчигон, Есүхэй баатрын ах Нэхүн тайжийн хүү Хучир бэхи, Бартан баатрын ах Охин Бархагийн ач хөвгүүн Сацэ бэхи нар төлөөлөн Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөн эзэнгүй байсан Хамаг монголын хаан болгожээ.

Ийм сайхан түүхтэй энэ газар маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Буурал уулын зүүн өмнө Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд Улаанбаатар хотоос 220 км, Багануураас 70 км, засмал замаас салаад 35 км зайтай оршино. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй.

Хөх нуур Хар зүрх уулын хормойгоос

Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт өврөөрөө модгүй араараа модтой шовх Хар зүрх уулын өвөрт байдаг үзэсгэлэнтэй сайхан газар. Улсын хамгаалалтанд авч хайрлаж хамгаалах ёстой газар. Хааных болтой эртний гэрийн том буйр алга болж оронд нь хэдэн модон сийлбэртэй болж. Нуур жилээс жилд жижгэрч байна. Намаг нь ихсэж байна. Хандгай буга уулнаас бууж нуурын зэгс идэж ойр орчмыг нь цэвэрлэдэг байсан нь харагдахаа больсон гэнэ. Баячууд ойр ойрхон онгоцтой буудаг болсноос, дуу чимээнээс дайжсан хун нугас нуурандаа ирэхээ больсон гэнэ. Харамсалтай, нэгэнт оройтож байгаа ч гэсэн улс хамгаалалтандаа аваасай!!!

Монголын хаадад зориулсан модон дурсгал

Хар зүрх уул

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж