Хүн төрөлхтний цахиур чулуугаар гал гаргах төдий байсан цаг үе ард хоцорч, эрчим хүчгүйгээр бидний маргаашийг төсөөлшгүй болжээ. Аль ч нийгмийн үед оршсоор ирсэн эрчим хүчний хэрэглээ өнөөдөр дэлхий хэмээх гарагийг сансар огторгуй дахь цахилгаан гэрлээр гэрэлтэх цорын ганц од болгосон юм.
Хөдсөн дээлтэй монголчууд өөхөн дэнгээс өндөр хүчдэлд шилжсэнээ “Ильичийн гэрэл асав” хэмээн дуу алдан тунхаглаж байсан үе саяхан. 1916 онд Нийслэл Хүрээнд ажиллаж эхэлсэн 20кВт (өнөөгийн 100 ваттын 200 чийдэн гэсэн үг) орчим чадалтай цахилгаан үүсгүүр 1931 онд Дунд голын чийдэнгийн хорооны Монголын анхны дулааны станцаар өргөжин тэлж байсан бол социализмын үед аль хэдийн найман дулааны цахилгаан станцтай болсон байлаа.
Тэгвэл өнөөдөр бид нүүрс, ус, нар, салхи гээд юунаас л бол юунаас эрчим хүч гаргадаг болжээ. Үүгээр үл зогсон ирээдүйд цөмийн цахилгаан станцтай болох “мөрөөдөл” ч идэвхтэй өрнөж байна.
Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Ленин нэгэнтээ “Зөвлөлт засаг дээр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмбэл коммунизм болно” хэмээсэн нь нэг талаараа улс төрийн уриа байсан ч нөгөө талаараа хүн бүрт эрчим хүчийг хүргэх гэсэн том мөрөөдөл байсан биз ээ. Гэтэл өнөөдөр нийслэл хотод маань гэрэл цахилгаангүй өрх айлууд амьдарсаар л байна.
Гэвч түлш үгүй бол ямар эрчим хүч байх билээ. Харин тэр “түлш” нь ирээдүйд юу байх бол?
— М.Батбаясгалан
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВЫН КИНО, ГЭРЭЛ ЗУРАГ, ДУУ АВИАНЫ БАРИМТЫН ТӨВ (ГЭРЭЛ ЗУРАГЧИН НЬ ТОДОРХОЙГҮЙ)
Эх сурвалж: nationalgeographic.mn