-1200 бүтээн байгуулалтын нээлттэй ажлын байр ажилтнаа хүлээж байна-
Сургууль, цэцэрлэг амарч, багачууд агаарт гарч, их, дээд сургуулийн оюутан, залуус зуныхаа амралтаа авахад тун дөхжээ. Энэ үетэй зэрэгцээд хөдөлмөрийн биржүүд ажилдаа идэвхийлэн орсон нь сайшаалтай. Өнөөдөр гэхэд Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбоо хамтран “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна.
Энэ үеэр бүтээн байгуулалтад орж ажиллах залуусыг бүртгэх бөгөөд 1200 ажлын байрыг санал болгож буй. Эдгээр нь авто зам, нөхөн сэргээлт, барилга, байгууламж, уул уурхай, ой цэвэрлэгч, цэцэрлэгжүүлэх, булаг шанд хамгаалах ажил ажээ. Ийнхүү ихэнх нь бүтээн байгуулалтын ажил гэдгээрээ аймаг, орон нутагт байршиж ажиллах шаардлагатай ажлын байр ч энд байна. Тухайлбал, Чингис хотод /хуучнаар Хэнтий аймгийн Өндөрхаан хот/, Налайх, Дорнод, Төв аймагт байрлах асфальт, бутлуурын үйлдвэрт зам барилгын туслах ажилтан, Булган аймгийн төвд барилга угсралт, дизайны чиглэлээрх ажлын байр бий ажээ. Эдгээр ажлын байранд анкет бөглөж үзэх сонирхолтой бол өнөөдөр болж буй яармагт очиж үзэхээс гадна Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн цахим хуудсаар орох эсвэл, МЗХ-ны байранд ирж уулзах хэрэгтэй юм байна. Бүтээн байгуулалтын энэхүү ажилд зуучлуулан орсон бол 21 хоногоос доошгүй хугацаагаар ажиллах ажээ. Ингэхдээ ажил олгогч байгууллагын нэрлэсэн цалингаас гадна Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс давхар 200 мянган төгрөг өгөх ажээ. Харин цаашдаа тухайн оюутан үр дүнтэй ажиллавал ажил олгогчтойгоо тохиролцон үргэлжлүүлэн ажиллах боломжтой юм байна. Ийм тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс давхар 200 мянган төгрөг өгөлгүйгээр цалингаа тухайн ажил олгогч байгууллагатайгаа бие даан тохиролцох хэрэгтэй ажээ.
Ийнхүү өнөөдрийн яармагийг оюутан, залуус ихээр сонирхон ирж байсан юм. Зуны амралт дөхсөн тул цаг хугацааг хий дэмий өнгөрөөлгүй тодорхой хэмжээгээр орлого олж, ажлын дадлага туршлагатай болохыг эрмэлзсэн залуус их байгаа нь илт харагдаж байна. Гагцхүү анкет бөглөөд өгдөг, эргэж холбогддоггүй, үр дүн гардаггүй гэж шүүмжлэх залуус байсан. Харин нөгөө талдаа ажил олгогчид оюутан, залуус ажлын байрыг сонирхож, ажилдаа орсон бол тууштай, хариуцлагатай ажиллахыг шаарддаг юм билээ. Ийнхүү ажил олгогч болон ажил хайгч залуусын санал бодлыг сонслоо.
“Үйлдвэржилт хөгжөөгүй нь залуусын хөдөлмөрт тушаа болж байна”
Нийслэлийн хөдөлмөрийн газрын Оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Амаржаргал:
-Нийслэлийн хөдөлмөрийн газарт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3100 оюутны материалыг бүртгэн авснаас 2500 орчим оюутанг цагийн ажилд зуучилсан. Энэ нь ихэвчлэн худалдааны, зочид буудал, үйлчилгээний салбар байсан. Жишээ нь, Миний дэлгүүр, Номин худалдааны сүлжээ, голцуу зочид буудлууд, ЭКО констракшн зэрэг том компаниудад зуучилсан нь бий. Цагийн ажилд зуучлуулах хүсэлтэй оюутан , залуус манай газарт болон Монголын залуучуудын холбоонд хандах боломжтой. Ер нь ажиглахад зуны хугацаанд барилга, бүтээн байгуулалт, худалдаа, үйлчилгээний салбарын идэвхтэй үед нийт оюутны 50-60 хувь нь түр ч гэсэн ажил эрхэлдэг. Харин хичээл, сургууль эхлээд байгууллагуудын үйл ажиллагааны идэвхжилээс хамаараад өвөл нийт оюутны 10 гаруй хувь нь л ажилтай байдаг тооцоо бий. Өвлийн цагаар оюутнуудын ажил эрхлэлт эрс мууддаг нь нөгөө талдаа улс орны үйлдвэржилтийн салбартай ч холбоотой. Учир нь Монгол Улс үйлдвэржилтээр бүрэн хөгжөөгүй, улирлын онцлогоос гарч чадаагүй болохоор энэ үеэр яах ч аргагүй ажлын байр нь ч багасчихаж байгаа юм.
“Компаниуд хүнд суртал ихтэй байна”
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хоёрдугаар курсын оюутан С.Жанчивдорж:
-Оюутан, залуус бидэнд ажлын байрны мэдээлэл дутмаг байдаг. Компаниудад ажилд орох гээд очихоор туршлага шаарддаг. Бас насны хязгаар заадаг нь хэцүү байдаг. Хамгийн гол нь оюутнууд гэхэд чөлөөт цагаараа ажиллахыг хичээнэ. Тэгтэл компаниудын санал болгож байгаа ажлын цагтай тохирдоггүй. Зарим нь жишээ нь, 17.00 цаг хүртэл ажиллах ёстой, тэгэж байж цалинг нь тооцож өгнө гэдэг. Гэтэл бид заваараа 2-3 цаг ч юм уу ажиллаад шууд хөлсөө авдаг байхыг илүүд үздэг. Энэ тал дээр анхаарч , зохицуулж өгөөсэй гэж боддог. Нөгөө талдаа компаниуд их хүнд суртал гаргадаг. Хийх ажлынхаа цалинг эхлээд лавлахад оюутнуудыг та нар яах гэсэн юм, юу чаддаг гэж шууд цалингийн хэмжээ асууж байгаа юм гэх зэргээр хандах нь бий. Оюутнууд цаг заваараа зохицуулж мөнгө олохыг хүсч байгаагаас хойш цалингийн хэмжээ эхэлж лавлах нь тодорхой шүү дээ. Ингэж хүнд суртал гаргаж залуустай харьцаад байхаар оюутнуудын ажил хайх сонирхлыг ч гэсэн бууруулдаг.
МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан Б.Лхамсүрэн:
-Миний хувьд сурталчилгааны болон оффисын ажил сонирхож энд ирсэн. Цаг алдалгүй ажил хийх хэрэгтэй болохоор судлаад явж байна. Өнөөдөр хэд хэдэн ажлын байранд анкет бөглөлөө. Ер нь ажлын байрны талаарх мэдээлэл оюутнуудад хүртээмжгүй байдаг юм шиг санагддаг.
“Оюутнууд тууштай, хариуцлагатай ажиллах ёстой”
“Эсто” ХХК-ийн Хүний нөөцийн албаны ахлах ажилтан К.Энхсайхан:
-Манай компанийн хувьд авто замын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн яармагт бид 20 нээлттэй ажлын байр санал болгож, оюутан, залуусыг анкет бөглүүлэн авч байна. Шаардлага хангасан оюутнуудтай бид эргэн холбогдоно.
Бид нээлттэй байгаа ажлын байрандаа авсан оюутнуудад цалинг асуудалгүй олгоно. Ер нь ажил олгогчийн зүгээс оюутан, залууст тогтвор суурьшилтай ажиллах, хамгийн гол нь хийж буй ажилдаа хариуцлагатай байх шаардлагыг тавьдаг.
Энэ жил 10 мянган залуусыг ажилд зуучилна
Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат:
-Монголын залуучуудын холбоо өнгөрсөн жилээс Хөдөлмөрийн яамтай хамтарч “Ажлын гараа”, “Сумын залуус”, “Цагийн ажил” гэсэн гурван төсөл хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил энэ гурван төслөөр нийт 3000 орчим оюутан, залуусыг ажилд зуучилсан бол энэ жил мөн үргэлжилж, 10 мянган залуусыг ажилд зуучлахыг төлөвлөсөн. Цалин хөлсний хувьд өнөөдрийн яармагийн хүрээнд бүтээн байгуулалтыг голчилсон ажлуудад гэхэд онцлогоосоо шалтгаалж сардаа 500.000-1.000.000 төгрөгийн цалин олгоно. Ер нь оюутан, залуус зуны хугацаанд цөөн хэдэн сар ажилд зуучлуулан ажиллах ч энэ нь цаашдаа хөдөлмөрийн түүх үүсч, сургуулиа төгсөөд ажилд ороход ямар нэгэн байдлаар давуу тал үүсэх боломжтой. Ямартай ч бид оюутан, залуусыг ажил олгогчтой холбож өгч, цөөн хэдэн сар ч болов ажиллуулж байна. Цаашдаа тухайн оюутан үр бүтээлтэй ажиллаж, тухайн байгууллагадаа үнэлүүлвэл магадгүй сургуулиа төгсөөд жинхэнэ ажилтан нь болох боломжтой юм. Дээрх нийт төслийн хүрээнд болон бүтээн байгуулалтын ажлуудад зуучлах ажил ийнхүү эхэлсэн. Их, дээд сургуулийн оюутнууд шалгалт, хичээлээ бүрэн зохицуулаад ажилдаа тун удахгүй ороод эхэлнэ.
Сануулахад, өнөөдрийн хөдөлмөрийн яармаг дууслаа гэхэд Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржид хандаж, нээлттэй ажлын байр сонирхох боломжтой.
У.БОЛОР