Аргал түүсэн ч дэлхийн хэмжээнд байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Аргал түүсэн ч дэлхийн хэмжээнд байх хэрэгтэй

Монгол Улс Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой 2014 онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлагаас санаачлан Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж иржээ. Тус төслийн зохион байгуулагчид “Туушин” зочид буудалд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийн үеэр төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Дипак Элмер, Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа болон Швейцар хөгжлийн агентлагийн мэдээлэл харилцааны ахлах ажилтан Б.Соёлмаа нар оролцсон юм.

“Агула” гэдэг нь Монгол бичигээр уул гэсэн үг бөгөөд Швейцарийн Алфийн нуруу, Алтайн нурууг дүрслэн хэлжээ. “Агула” төслийн хүрээнд болох Монгол Швейцарийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт тавдугаар сарын 30-ны 19.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдахаар бэлтгэлдээ оржээ. Швейцарийн уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдөр буюу 25-нд манай оронд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Төр хурах амралтын газар бэлтгэлээ хийж байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад “Агула” төсөл нь ганц тоглолтоор зогсохгүй олон үе шатлалтай ажлуудыг ч мөн багтаасан томоохон төсөл гэнэ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн ярьж байгаагаар Швейцар улсаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтарч ажилласан ажлуудаас хамгийн том ажил бол  “Агула” төсөл ажээ.

Ингээд олон зүйл нуршилгүй уг мэдээллийн үеэр Н.Жанцанноров хөгжмийн зохиолчтой ярилцсанаа уншигчиддаа хүргье.

-Уг төслийн талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Бид нар хөгжмийн салбарт ч тэр хөдөө аж ахуйн салбарт ч тэр дүрслэх урлаг, хувцас гоёл чимэглэлийн салбарт ч мөн үндэснийхээ эд бүлгийн соёлыг маш сайн эзэмшээд дэлхийн жишигт хүртэл боловсруулсан цагт бид хэнтэй ч юу ч ярьж болох юм байна гэдэг зүйл яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай хөгжим бүжгийн дунд сургууль үндэснийхээ хөгжимчдийг дэлхийн зэрэгт бэлддэг юм байна. Тийм учраас манай ятгачийг, морин хуурчийг гадаадууд хараад зүгээр нэг морин хуур, ятга тоглодог гэхээсээ илүүтэй дэлхийн хэмжээний хөгжимчин байна гэж мэдэрдэг. Тэрнээс морин хуурын дуу гоё болоод, ятгын дуугарч байгаа нь гоё байгаадаа биш. Ятга, морин хуурыг би, та ч дуугаргаж чадна. Харин хэрхэн дуугаргаж байгаа хүн нь чухал байгаа юм. Хамгийн гол зүйл бол аргал түүх, ямаа хяргасан ч, ном хэвлэхэд, дээл оёход ч дэлхийн төвшинд байх ёстой юм байна. Манай хөгжмийн сургууль энэ зүйлийг хийж чадсанаар бид бахархаж байна. Тийм ч учраас дэлхийн төвшинд хүрсэн хөгжмийн зохиолч танай дэлхийн төвшинд хүрсэн хөгжимчидтэй чинь хамтарч ажиллая гэж сонгож байна. Бид нар Чингис хаан гэж хий бахархахаасаа илүү орчин үеийн хүмүүсийн мэдлэг, мэдээлэл, орчин үеийн хүмүүсийн эзэмшсэн чадамжинд хүрч байж дэлхий биднийг тооно. Дэлхийд бид тоогдох тухай асуудал яригдаж эхэлнэ. Энэ зүйл бүх салбарт яригдана. Ганц урлагт бус эдийн засаг, улс төр, урлаг соёл гэх мэт бүх салбарт шүү. Тиймээс бид дэлхийтэй харилцая гэвэл дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин хөгжимчдийн хувьд ямар нэгэн байдлаар бэлэн байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

-Үндэсний хөгжмийн хөгжил ер нь ямар төвшинд байгаа юм бол. Залуучуудын хувьд үндэсний хөгжмөө хоцрогдсон хөгжим гэдэг өнцгөөс илүү харах хандлага бий?

-Харин ч гайгүй байгаа болов уу. Ер нь манай уламжлалт хөгжмийн зэмсгүүд өөрийнхөө ид шидийг одоо л дэлхийд гаргаж байгаа. Дэлхий өмнө нь мэдэдгүй байсан шүү дээ. Одоо л нүүдэлчин хүмүүс гайхамшигтай зүйлсийг бүтээдэг юм байна гэдэг зүйлийг анхаарч мэдэж эхэлж байна л даа. Залуучуудын хувьд харьцангуй хотожсон. Хөдөө гэхэд л залуучууд нь мотоциколоор малаа хариулаад явж байна шүү дээ. Хөдөө 60 гаруй сувгаар солонгос кино үзээд л үхэр тугалаа нийлүүлчихээд л яваад байгаа юм л даа. Таны асуусан шиг тийм байгаа байж болно. Тэгвэл манай хэвлэлийн салбар болон урлагийн салбарынхан үндэсний хөгжим хоцрогдоогүй дэлхийн хэмжээнд хүрчихээд байна. Хөгжил нь ч тэр, хүн нь ч тэр гэдэг зүйлийг харуулах хэрэгтэй. Энэ зүйлийг “Агула” тоглолт харуулах байх аа.

-“Агула” төсөл хэчнээн үе шаттай вэ?

-Эхний шат нь уг тоглолт болчихож байгаа юм. Харин хоёр дахь шат нь зургадугаар сард уг бүтээлүүдээр нь CD хийнэ. Аравдугаар сард CD-ны баяр ч гэж ярьдаг даа, түүнийг хийнэ. Мөн Швейцарт тоглолтоо хийнэ. Дараа нь CD-гээ бариад бид дэлхийд гарах боломжтой. Энэ зүйл дээр Швейцарь нөхдүүддээ талархах хэрэгтэй. Хамгийн хэцүү нь “Арга билэг” хамтлагаа дэлхийн хөгжимчидтэй хамтарч ажиллуулна гэхлээр бидний мөнгө хүрдэггүй. Тэгэхээр энэ удаагийн арга хэмжээний зардлыг Швейцарийн талаас гаргачихсан. Аливаа зүйл чинь мөнгө шүү дээ. Дэлхийд тоглоё гэхлээр Н.Алтанхуягийн Засгийн газар зардал гаргах уу гэдэг зүйл чухал. Жишээ нь, Нью-Йоркт очоод тоглоё, хоногийн 350 доллар зочид буудалд төлбөр төлөөд тоглолоо гэхэд хэдэн хүн үзнэ гэж хэчнээн төгрөг олох вэ. Тэгэхээр дэлхийд гарах боломжийг олгож байгаа энэ агентлагтаа бас баярлах хэрэгтэй. Цаашдаа Монгол Улсын эдийн засаг томрох  юм бол хамгийн жижиг асуудлаа ч харж чадна. Эдийн засаг жижиг байхад том асуудал ч харагдахаа больчихдог, эдийн засаг томрох юм бол хамгийн жижиг асуудал хүртэл нүдэнд өртдөг эдийн засгийн хууль бий. Тийм учраас Монгол Улсын эдийн засаг томроод Монголын хөгжимчид ашиг орлого өндөртэй, соёлын салбар хүчтэй болоход бид өөрсдөө хятад руу мөнгө хаяж хятадын хөгжимчдийг дэлхийд гаргах тухай санал тавьж ажиллана. Ер нь бидэнтэй хамтарч ажиллах хүн байна уу… Бид мөнгийг нь гаргана гэх цаг ирнэ. Одоохондоо тийм боломж байхгүй учраас бид олдсон боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй. 

-Монголын урлагийн зөвлөл нилээд олон төслийг хэрэгжүүллээ. Харин дараагийн ажлаараа юуг төлөвлөсөн байгаа бол?

-Монголын урлагийн зөвлөл ямар нэгэн байдлаар Засгийн газраас санхүүжилт авдаггүй. Өөрсдөө хөрөнгө цуглуулдаг. Гадны болон дотоодын, ер нь сайн санаатай хүмүүсийн хөрөнгөөр ажил бүтдэг. Энэ жил эдийн засгийн хувьд тун хүнд байгаа юм шиг байна. Яагаад гэхээр манай тавьж байгаа саналуудыг хүлээж авч байгаа хэрнээ хөрөнгө мөнгөний хувьд туслалцаа үзүүлж чадахгүй байна. Чадах нь уу, үгүй юу сайн мэдэхгүй ч зургадугаар сарын 22-нд  бид нар анх удаа Чингисийн талбай дээр симфони найрал хөгжимчидтэй ил, гадаа талбай дээр тоглолт хийхээр ярьж байна.

-Симфони найрал хөгжим хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй тоглох вэ?

-120 хүний бүрэлдэхүүнтэй тоглох байх. Ер нь гадаа тоглоно гэдэг бол гайхамшигтай зүйл байдаг. Бид нар гадаа симфони оркестороо ямар нэгэн баяр ёслол болохоор урьж тоглуулдаг шүү дээ. Тэр зүйл бол шоу юм. Харин тоглолт хийнэ гэдэг бол 120 хөгжимчин тоглоход тодорхой акустик илэрхийлэх саравч барих ёстой.  70-80 микрафон тавина, асар том хүчтэй инженерүүд оролцох ёстой. Мэдээж талбай дээр яг тоглолтын танхимд дуугарч байгаа мэт дуугаргах ёстой гэдэг бол асар том ажил шүү дээ. Энэ зүйл одоогоор ажиллаж байна бүтэх юм уу, үгүй юм уу. Одоогийн байдлаар санаа байвч сачий хүрэхгүй дээрээ тулаад л байна даа.

Э.ТЭМЛҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж