“Сургагч багш нар”-ын сертификатыг гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

“Сургагч багш нар”-ын сертификатыг гардуулав

ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын “Сургагч багш нар”-ын сертификатыг гардуулав

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Швейцарийн хамтын ажиллагааны дэд захирал, ноён Дийпак Элмер болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синагоглу нар өнөөдөр /2014.05.27/ “Энхийн төлөө” цогцолборт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах үндэсний хэмжээний сургалт удирдах эрх бүхий хүмүүст  сертификат гардууллаа.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Болдбаатар

сургалтад оролцогчдод хандан үг хэлэв

 

 Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хамтын ажиллагаа, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны сургалтыг найман сарын хугацаанд зохион байгуулсан юм. Сургалтад нийт 62 хүн бэлтгэгдсэнээс   Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Н.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ж.Тунгалаг зэрэг 54  хүн сургагч багшийн эрхтэй болов.  

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, үндэсний хэмжээний өргөн бүрэлдэхүүнийг хамарсан сургалт удирдан зохион явуулсанд талархал илэрхийлээд 54 багшийн 20 нь “Мастер сургагч багш” сертификат  гардаж буйг онцлоод тэдний  цаашдын ажилд амжилт хүсэв. Мөн тэрбээр 2013 онд эхэлсэн  сургалт найман сарын турш үргэлжилсэн бөгөөд нийт 21 аймаг, 9 дүүргийн 7293 хүнийг хамруулсан. Хөвсгөл аймаг 98 хувийн ирцтэйгээр хамгийн идэвхитэй, ирц бүрэлдэхүүн хангагдсан аймагт орж байна. Тус аймгаас нийт 573 хүн бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний сургалтад хамрагдсаныг онцлон тэмдэглэв. 

Сургалтанд оролцогчид

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, чадавхжуулах сургалтад төсвийн хүрээний асуудлыг ихээхэн голчилсон,  цаашид орон нутгийн төсвийг өргөн хүрээтэйгээр, иргэдийн оролцоотой бүрдүүлэх талаар идэвхитэй сургалт явуулсан гэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синагоглу

                                  сургалтад оролцогчдод хандан үг хэлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синагоглу сургагч багш нарын үүрэг оролцоо орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, бие даан шийдвэр гаргах, төсвөө хянан зарцуулах, цаашилбал  ардчиллыг тогтвортой бэхжүүлэхэд чухал нөлөөтэйг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж