Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хэлэлцэх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар танилцуулсан юм.
Манай улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын нэг дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна. Иймээс шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд татвар нь энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан гэдгээ тэрээр хэллээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад хариулахдаа, Засгийн газраас нэмүү өртгийн албан татварын босгыг 50 сая төгрөг байхаар оруулж ирж байгаа юм. Ингэхдээ инфляцийн түвшин, олон улсад нэмүү өртгийн албан татварын босго тогтоодог аргачлал, албан татвар цуглуулахад гарах зардал зэргийг харгалзан үзсэн гэдгийг хэллээ. Мөн энэ хуулийн гол үзэл санаа нь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг бүртгэлд авах, татварыг буцаан олгох, хүн бүр татвар төлөгч байхад чиглэж байгааг тэрээр онцлов.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Ж.Эрдэнэбат нар үг хэлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлаж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг үдээс хойших хуралдааны эхэнд хийхээр болов. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.