Жилийн өмнө хүнд даацын экскватор машин жолоодох бүсгүй шанагаар нь сүү аягалан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд суралцагчдын ур чадвар хэрхэн ахиж, чанаржиж буйг үзүүлэх сургуулиар харуулж олныг гайхшруулсан бол энэ жилийн “Монгол ур чадвар-2014” тэмцээнд оролцогчид бас нэгэн сюрприз барилаа. ШУТИС-ийн харьяа Механик инженерийн их сургуулийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүнд, машин механизмын ангид суралцах залуус зөвлөх багш Н.Ганболдын удирдлага дор асфальтан зам зүсэгч машин зохион бүтээсэн байна. Авто замын эвдрэл ихтэй, жил бүр замаа засах их ажилтай “ноцолддог” монголчуудын хувьд энэ нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй машин болж буй юм.
Ийм зүсэгч машиныг Хятадаас худалдан авахад нэг бүрийнх нь үнэ 1 сая төгрөг бол Япон улсынх 2000 гаруй ам.долларын үнэтэй байдаг аж. Харин дээрх зүсэгч машин 500 гаруй мянган төгрөгт багтаж үйлдвэрлэгджээ. Хөдөлгүүр, алмазан хутга хоёрыг гадаадаас импортоор авна, бусдыг механик аргаар шавь нарынхаа хамтаар зохион бүтээсэн гэж зөвлөх багш ярилаа. Мөн уг машиныг зохион бүтээхэд Механик инженерийн их сургуульд суралцаж байгаа оюутан залуус ч оролцжээ. Тооцооллыг гаргахаас эхлээд нарийн ажлуудад тэд тусалсан байна. Зохион бүтээсэн машинаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх бололцоо одоогоор хүнд ч гэлээ авто замын салбарт ажиллахаар мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэж байгаа залуусыг сургахад тэдэнд дадлага туршлага суулгахад гол багаж нь болж ашиглагдах бололцоотой аж. Өөрөөр хэлбэл, авто замын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиуд энэ төрлийн зүсэгч машиныг гадаадаас импортлох шаардлагагүй, тус машинаар хангалтаа хийх боломж бийг дээрх үйл явдал харууллаа.
Механик инженерийн сургуулийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль нь хүнд машин механизмын оператор, засварчин, токарьчин, призерчин, автын засварчин, гагнуурчин гэсэн зургаан мэргэжлээр залуусыг сургадаг байна. Сургалтын хугацаа 2.5-1 жил, богино буюу таван сарын хугацаатай ч байдаг. Төгсөгчдийн хувьд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшсэн учраас ажлын байранд санаа зовдоггүй. Суралцах хугацаандаа Ажил олгогч нарын анхаарал татаж, шууд ажилтай болсон залуус олон юм байна.
Мөн тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүнд машин механизмын зөвлөх багш, зөвлөх инженер Н.Ганболд “Хичээлийн байр маань багадаад байгаа болохоос манайх ч том шүү. Сургалтын бааз бусад сургуультай харьцуулахад хангалт сайтай. Экскватортой, бульдозертой, авто гризертэй, крантай, триллертэй, семилатортой том байгаа биз. Токарийн сургууль маань 1969 оноос хойш уламжилсан маш том мастерын газартай. Гагнуурынхаа газрыг тоноглоод янзалчихсан. Хичээлийн байр жаахан том бол жил тутамд 1000 хүүхэд ч сургаж чадна. 2013-2014 оны хичээлийн жилд 600 гаруй оюутан сургаснаас 100 гаруй нь энэ жил төгсч байгаа” гэлээ.
Барилга, арматурын ангийнхан өрсөлдөнө
“Монгол ур чадвар-2014” тэмцээнд ур чадвараараа бусдыгаа тэргүүлсэн залуус өрсөлддөг. Тиймээс Чингисийн талбайд болж буй дээрх арга хэмжээнд 21 аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Налайх, Багануурын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, мөн Барилгын коллежийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцан ур чадвараараа бусдыг манлайлж яваа залуус оролцож байгаа юм. Тэд ирээдүйд Монголынхоо өнцөг булан бүрт өндөр, өндөр барилга барих барилгачид болно. Харин өнөөдөр арматурыг хэрхэн зангидаж сурсанаа, мөн өрлөгийг яаж мундаг хийдэг болсноо, шаврыг яаж газарт унагахгүйгээр хананд шигтгэж өө сэвийг дарж чанартай сайн барилга барихаа үзүүлж байна.
Барилгын коллежийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Бетон арматур ангийн оюутан А.Сүхбат эзэмшиж байгаа мэргэжлээрээ мөн өрсөлдөж байна. Тэрээр өнгөрсөн намар оюутан болсон, нийт 2.5 жил сурах ёстойгоос эхний жилээ төгсч байна. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгсөөд бетон арматурын ангид элссэн түүний хувьд цаашид мэргэжлээрээ дээд боловсрол эзэмших зам ч нээлттэй. Гэхдээ тэрээр эхний ээлжинд маш сайн арматур зангиддаг болж чадвал ажил олохын зовлонгүй болох гэнэ. Тус сургуульд суралцагсад жил бүрийн зургадугаар сараас эхэлж хоёр сарын хугацаатай дадлагад гардаг. Энэ үедээ дадлага хийж байгаа компанидаа тоогдох нь чухал гэнэ. Мөн тэрээр сургалтын төвийн материаллаг бааз сайн болохоор бид их ч юм сурч байна, сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг, дунд сургуульд суралцаж байхад ийм тэтгэлэггүй байсан болохоор дэвтэр, ном гээд өөрт хэрэгтэй зүйлсээ ээж, аавынхаа туслалцаагүйгээр бэлтгээд амар байдаг гэдгээ ч хэллээ.
Хоёр дахь шатны энэ удаагийн тэмцээнд 61-н залуу таван төрлөөр өрсөлдөж байгаа юм. Ялагчид үдээс хойш тодорно. Тэд дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг Хөдөлмөрийн сайдаас гардах юм.
“Монгол ур чадвар-2014” арга хэмжээний нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад элссэн 69 дахь гишүүн орон болсон” тухай зарлалаа. Тус гишүүнчлэлд багтсанаар дээрх тэмцээний ялагчид улсаа төлөөлөн 2015 онд Бразиль улсад болох дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцох юм байна. Тэдний олон улсын дэвжээнд өрсөлдөх бэлтгэлийг БНСУ-д хангана. Жил хагасын хугацаанд бэлтгэл хангах болж байгааг Хөдөлмөрийн сайд онцоллоо. Мөн Хөдөлмөрийн яам байгуулагдсан цагаасаа эхэлж мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоонд онцгой анхаарал хандуулж ажилласнаар “Төгсөгчид өөрсдөө ажлын байраа олцгоо” гэдэг хуучны тогтолцоо өөрчлөгдсөн байна. Ингэснээр суралцагчид 20 хувийг танхимын боловсролоор 80 хувиа дадлага хийх байдлаар баталгаажуулж ур чадвар нь өсөн, ажил олгогчийн шаардлагад нийцдэг болж нийт төгсөгчдийн 80 хувь ажлын байраар хангагддаг болжээ. Түүнчлэн үе шаттайгаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэх болсноор гадаадаас мэргэжилтэй ажилтан авах тоо буурч, дотоодынхоо ажиллах хүчнээр бүтээн байгуулалтыг хийлгэдэг жишиг тогтож байгаа аж. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан, том зорилгоо болгон хийхээр төлөвлөж байсан ажлынх нь нэг байсан юм.
Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ
Г.ДАРЬ