Даатгуулагчид ээлгүй заалтууд

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Автомашин, өөрөө явагч хэрэгслэлийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрөөс хурааж эхэлсэн. Энэ тавдугаар сарын 31-ний өдрөөр  тасалбар болно. Түүнээс өмнө амжиж татвар, хураамжаа төлөх гэсэн хүмүүс дүүрэг дүүргийн татварын албанд дугаарлах болжээ. Автотээврийн албан татвараас гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч хэн боловч заавал хамрагдах учиртай нэгэн даатгал байдаг нь жолоочийн хариуцлагын даатгал юм. Энэ төрлийн даатгалд хамрагдаагүй болон даатгуулсан хугацаа нь дууссан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр торгодог хатуу журамтай. Торгуулсан жолооч захаас аван зөндөө байгаа даа.

Харин жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчид өөрийн сонголтоороо даатгуулдаг бас нэгэн төрлийн даатгал байдаг нь “Тээврийн хэрэгслийн даатгал” юм. Энэхүү даатгалын  гэрээг анх байгуулахдаа гэрээний заалттай нарийвчлан танилцаагүйгээс эрсдэлд орсон үедээ хүссэн хөнгөлөлт, нөхөн төлбөрөө авч чадахгүй, бухимдаж гомдоллон үлддэг тохиолдол цөөнгүй. Өнөөдөр манай улсад даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй 16 компани бий. Олны сайн таних Монгол даатгалаас эхлээд Тэнгэр, Ард, Бодь, Гэр, МИГ, Улаанбаатар хотын даатгал гээд тоочоод байвал хүмүүс бас танина. Тэд бүгд тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээг иргэд, байгууллагуудад хүргэдэг ч нөхцөл, шаардлага, нөхөн төлбөрийн хувьд өөр өөр байдаг. Уг нь даатгал гэхээр тэдвсэн үед олдох тэтгэмж, бурхны аврал  байх мэт санагддаг. Гэтэл тээврийн хэрэгслийн гэж тодотгосон машин техниктэй хүн бүхэнд хамааралтай даатгалын хувьд нөхөн төлбөр олгохоос татгалзсан, зайлсхийсэн заалт тун олон байдаг ажээ.

Жолоочийн хариуцлагын даатгал төлчихвөл л бүх юм “ок” гэж буруу ташаа ойлгосон  хүмүүс осол аваарт өртсөн, өөрийн буруугаас осол гаргасныхаа дараа тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаагүйдээ харамсах нь бий. Жолоо барина гэдэг тоглоом биш. Гэхдээ жолооч гэдэг тусгай мэргэжил биш хэрэглээ болчихсон өнөөгийн нөхцөлд чадах чадахгүй, дадсан дадаагүй олон жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа. Түүн дээрээс хэлж бус хийсч ирдэг гай барцдыг хэн ч таашгүй. Тиймээс жолооч та тээврийн хэрэгслийн даатгал хийлгэхэд илүүдэхгүй шүү. Харин аль компанид ямар нөхцөлөөр даатгуулахаа сайтар болгоогоорой. Даатгалын компаниудын нөхцөл, шаардлага болон нөхөн олголтод хяналт тавих үүргийг харин Санхүүгийн зохицуулах хороо хүлээж байдаг. Тус хорооны зүгээс  иргэд, байгууллага даатгалын гэрээг анх  байгуулахдаа  уг  гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүдтэй сайтар танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд үзэглэж байхыг шаардлагатайг сануулсаар байгаа юм. Тиймээс  юун түрүүн ямар даатгалын  компани, ямар нөхцөлд  тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалздаг болохыг мэдэж байх учиртай.

Иймд бид энэ удаа даатгалын 16 компанийн нөхөн төлбөр олгохоос татгалздаг шалтгааныг уншигчдадаа танилцуулж байна. Даатгуулагч болон түүний хүлээн зөвшөөрсөн хүн машин жолоодох эрхгүй, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд даатгал олгохгүй гэж олон компани нөхцөлдөө тусгажээ. Энэ бол хэний ч мэдээжийн шаардлага.

Гэтэл үймээн самуун, бослого хөдөлгөөн, нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас хохирол амссан бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн заалтыг  хэд хэдэн компани даатгалын гэрээндээ багтаажээ. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хаана юү тохиолдохыг таамаглах боломжгүй болж байна. Лам бөө нар л юү юм гэхээс эгэл иргэдэд нийгмийн эмх замбараагүй байдал хэзээ, хаана болохыг урьдчилан таах чадвар  байх уу. Энэ мэт хүлээн зөвшөөрөхөд бэрх зарим нэг “новширсон” зүйл заалт ч бас байна. Даатгал бол аврал гэж бид ойлгодог ч аврагчид маань аль болох эрсдлээс зугтаж байдаг нь даатгалын компаниудын гэрээний нөхцөлөөс харагдана. Тиймээс даатгалын компаниудын нөхөн төлбөр олгохоос татгалздаг нөхцөлийг уншигчдадаа танилцуулж байна. Та бүхэн доорх хүснэгтээс даатгалын гэрээний нөхцөлийг нягтлан харж, сайтар танилцсаныхаа дараа даатгалын компаниа сонгоорой. Тээврийн хэрэгслийн даатгал гэдэг тэвдсэн үеийн аврал биш бололтой.

Даатгалын компаниудын нөхөн төлбөр олгохоос татгалздаг нөхцөлүүдийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж