Хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина

УИХ дахь МАН-ын бүлэг улс оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдралыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10 хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан билээ. Уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр албан бичиг явуулсан бөгөөд бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж, хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдэгдлээ.  УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонссон байна. Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2 тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн нь анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Манай улс өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг буруу гэж үзэхгүй байгаа гэлээ. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг 70 хувь болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэлээ.  Түүнчлэн МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Засгийн газраас Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь энэхүү зохицуулалт нь тендер шалгаруулалтын ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний ашиг сонирхлоос шууд хамааралтай, шударга өрсөлдөөнийг боомилсон, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх боломжийг хязгаарласан, зөвхөн цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэсэн гэж үзэж байгаа юм байна. Сайд, салбарын бодлого тодорхойлох чиг үүргээсээ илүү тендерийн үйл ажиллагаанд түлхүү оролцох нь салбарын яамны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Нөгөө талаар шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор явуулах” зорилттой зөрчилдсөн, Засгийн газар дэвшүүлсэн бодлого, зорилтоосоо ухарсан хуулийн төсөл болсон гэж үзэж байна.

Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн тухайд одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг талааар хуульдчын байр суурийг сонссон байна.  Энэ хуулийн төслийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт "Хуулийн этгээдэд ял оногдуулах" гэж шинэ бүлэг оруулжээ. Хэрэв хуулийн төсөл энэ чигээрээ батлагдаж мөрдөгдсөн тохиолдолд аж ахуйн нэгжүүд санаатай, санамсаргүй үйлдэл эс үйлдэхүйгээс болж олноороо эрүүгийн хариуцлагад татагдаж, үүнээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулах, татан буугдахаар болж байгаа учраас  хуулийн төслийг дахин судлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзжээ.  Засгийн газраас өргөн барьсан  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт байр суурьтай байгаа бөгөөд олон нийтийн хараа хяналтаас гадуур ашигт малтмалын лицензийг сайд, агентлагийн дарга захиран зарцуулахыг зөвшөөрөхгүй гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга онцоллоо.

Ш.ОЧ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж