НӨАТ-ын босгыг нэмж өндөсгөе гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын босгыг нэмж өндөсгөе гэв

Чуулганы хуралдаанаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 50 сая болгон өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх зэрэг агуулга бүхий НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаарх гишүүдийн ойлголт өөр өөр байсан тул УИХ-ын дарга З.Энхболд тайлбарлаж өглөө. Тэрээр “Энэ хуульд чинь ойлгомжгүй зүйл алга байна шүү дээ. Чи нэг газраас 100 төгрөгөөр бензин авлаа гэж бодьё. Тэрийг чинь зарсан газар өнөөдөр бензин худалдаагүй гэж хэлээд татвараас зугтаад байна. Харин чи одоо картаар бензинээ авна. Тэгээд чи татварт зориулсан арван төгрөгнийхөө хоёр төгрөгийг нь буцаагаад авна.  Үлдсэн найман төгрөгийг нь төр авна.  Энэ тохиолдолд бензин зарсан газар татвараас зугтаж чадахгүй” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг 50 сая төгрөг болгосныг “чамлах” гишүүд гарцгаасан бөгөөд Д.Лүндээжанцан “НӨАТ-ын хуулийг түргэн түүхий батлаад өг гэж байгаа нь тун буруу. 50 саяын босго гэдэг чинь мөнгөний ханш уначихсан энэ үед 10 саяаас нэг их ялгаа байхгүй. Ядаж 75 сая гэж яагаад болохгүй гэж. Бодит дэмжлэг үзүүлье л гэж байгаа юм бол 150-200 саяын хооронд НӨАТ-ын босгыг тогтооё” гэх саналтайгаа хэлэв. Мөн Эрдэнэбаатар гишүүн “нэгэнт хуулийн хүрээнд хамаарах аж ахуй нэгжүүдийн татварын хэмжээ төсөвт нөлөөлөх нь 4,7 хувьд л байгаа юм чинь босгоо олигтойхон шиг өндөрсгөе” гэх саналаа хэллээ.

Б.МАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж