Чуулганы хуралдааны ирц, гишүүдийн оролцоо нь үе үе асуудал дагуулдаг бөгөөд УИХ-ын дарга ч ичилгүйгээр түүнийг нь ил тод зарлаж, хуралдаа ирэхийг сануулж, нэр цохон дууддаг болсон билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар ч гишүүд уван цуван гарсаар санал хураалтын үеэр хангалтгүй ирцтэй болчихсон байв. Хуралдаан даргалагч З.Энхболд ирцээ бүрдүүлэхийг шаардан УИХ-ын дийлэнхийг бүрдүүлдэг эрх баригч АН болон сөрөг хүчин МАН-ын гишүүдийн нэлээд нь гараад явчихсныг анхааруулж бие даагчдаас, ИЗНН-ынхнаас үлгэр жишээ аваад хуралдаа суугаач гэсэн байна.
З.Энхболд ийн ирцээ бүртгэн “Шударга ёс эвслээс 4 гишүүн, ИЗНН хоёулаа сууж байгаа тул 100 хувь, бие даагчдаас Х.Болорчулуунаас бусад нь байгаа тул 75 хувь” гэх зэргээр зарласны хүчинд ирц бүрдэж 44 гишүүнтэй болов. Танхимд буй гишүүд ч 100 хувийн ирцтэй ИЗНН-ын хоёрт баяр хүргэж хөгжилдөөд авлаа.
Б.ШАРХҮҮ