Бизнесийн чөдрийг суллах уу?

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Бизнесийн чөдрийг суллах уу?

Бизнес эрхэлдэг бололтой хоёр нөхрийн яриа чих дэлсэв.

-Найз нь бизнес эрхлэх гэсэн биш “шатчихлаа”.

-Яасан?

-Барилга барих гээд байр, машинаа барьцаалаад  банкнаас мөнгө зээлчихсэн чинь “алуулж” байна. Барилгаа ч барьж чадсангүй, хий дэмий зээл төлөөд, эхнэр бөөн уур. Барилга барих тусгай зөвшөөрлөө авч чадсангүй жил гаруй хөөцөлдөж байна. Чамд таньдаг, мэддэг хүн байна уу?

-Чи гарыг нь хүндрүүлсэн  юм уу?

-Өгсөөн өгсөн, гэсэн мөртлөө зөвшөөрөл олгохгүй юм байна шүү дээ?

-Тэгвэл чи багадуулчихаж…

Дээрх нөхөрт учирсан зовлонг дайраагүй өнгөрсөн бизнесмен Монгол бараг л байхгүй дээ. Том, жижиг гэлтгүй бизнес эрхлэхийн тулд хэн нэгэн төрийн албан хаагчийн гарыг ямар нэгэн хэмжээгээр “хүндрүүлээгүй” хүн цөөхөн гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй нь лав. Аав, ээж ах дүү амраг садан нь төрд том алба хашдаггүй юм бол жирийн нэгэн иргэнд бизнесээ саадгүй явуулахын тулд хэн нэгний гарыг цайлгах нь наад захын том асуудал. Хууль дүрмээрээ явна гээд “тодорчих” юм бол манай төрийнхөн яаж ийгээд тээг тавьчихаа мэднэ. Тиймээс л манай дотоодын зах зээлд үнийн хөөс үлээсэн шаар шиг томорсоор байгаа хэрэг. 

Монголд бизнес эрхлэхэд хамгийн хүндрэлтэй, эргээд үнэ ханш, инфляцид сөргөөр нөлөөлдөг  асуудал бол  үйл ажиллагааны зөвшөөрөл авах. Шат, дамжлага олонтой, хүнд суртал, дарамт шахалт ихтэй, бизнес эрхлэгчдийн хувьд толгойны өвчин болсон энэ асуудал эдийн засагт асар том сөрөг үр дагаврыг авчрах болсон. Хэн нэгний гарыг цайлгаж үйл ажиллагааны зөвшөөрөл авсан хэн нэгэн "шархаа" нөхөхийн тулд бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд авлигынхаа өртгийг шингээж орхидог. Эцсийн бүлэгт  худалдан авагчид л бизнес дэх тусгай зөвшөөрлийн наймаа, төрийн албан хаагчдад өгсөн авлига хээл хахуулийн мөнгийг халааснаасаа төлсөөр ирсэн нь худлаа биш.

Ямар нэгэн бизнес эрхлэхийн тулд цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулах шаардлагатай бизнесийн тогтолцоо манайд үйлчилсээр байгаа. б Аль нэг яам, агентлаг, дүүрэг хороодын үүдийг хэн хичнээн сараар сахиж, хайран цаг мөнгөө  алдаж буйг хэлэх аргагүй юм. Тиймээс олон тусгай зөвшөөрөл олгох нь эдийн засагт хортой учраас  үүнийг цөөлөх бодлогыг Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа бөгөөд эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийнхоо хүрээнд хийх нэг том асуудал болгон хөтөлбөртөө тусгасан байна. Бизнес эрхлэгчдийн дэмжих зорилгоор Засгийн газар төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд олон хүний үүдийг сахиж, төрийн албан хаагчдын гарыг хүндрүүлдэг, төрийн ажлыг хийснийхээ төлөө авлига авдаг, ар өврийн хаалга хардаг явдлыг зогсоохоор Засгийн газраас барьж байгаа бодлогыг  бизнес эрхлэгчид дуу нэгтэй дэмжиж байна. Зовлон үзсэн хүн л бусдын зовлонг ойлголдог гэгчээг жижиг, том гэлтгүй ямар нэгэн үйл ажиллагааны зөвшөөрөл авахаар төрийн албан хаагчдыг царайчдаг тэд л үүнийг дэмжихгүй бол хэн дэмжих билээ.  Тухайлбал, барилга барихын тулд 99 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг болиулж 24 болгон буруулахаар болсон. Ингэснээр нэг барилга барихын тулд гарын үсэг цуглуулж явсаар бүтээн байгуулалтынхаа хамаг цагийг өнгөрөөдөг байсан асуудал цэгцрэх  болно.

Засгийн газар барьж байгаа бодлогынхоо хүрээнд 54 газраас олгодог байсан 914 зөвшөөрлийн талаас илүүг буюу 478-ыг нь  хүчингүй болгожээ. Энэ нь  тусгай зөвшөөрөл дагасан хууль бус “бизнес”-ийг хумих нэг том алхам болсон гэж эдийн засагчид үнэлж буй юм.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг нь хялбаршуулахын тулд Засгийн газар доорх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

-Зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах.

-Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн зөвхөн нэг цонхоор, нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгууллагууд хоорондоо харьцах замаар иргэдэд үйлчлэх.

-Төрийн үйлчилгээ хүргэж байгаа төрийн байгууллага хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцох зарчмыг шинээр нэвтрүүлэх.

-Европын Холбоо, АНУ-ын болон ISO-ийн стандартыг хангасан бүтээгдэхүүнд шууд зөвшөөрөл олгодог болох.

-Мэдээллийн технологийг ашиглан цаасаар үйлддэг шат дамжлагыг 50 хувиар бууруулах. Бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх. “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Хүнд суртлыг цөөлөх бодлогоо зуун хоногтоо эрчимжүүлж, бизнесийн салбар дахь эрх зүйн орчинг хөнгөвчилснөөр эдийн засгийн идэвхийг эрс нэмэгдүүлэх нь  гарцаагүй юм. 

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж