Өмнөговь аймаг малжуулах сантай болов

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймаг малжуулах сантай болов

ХААН банкны санаачилгаар Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, аймгийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран  “Малчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулжээ.
    
Зөвлөгөөнд 15 сумаас нийт 150 малчин хамрагдсаны дээр бүх сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Засаг дарга нар төлөөлөгчөөр оролцож мал аж ахуйн салбарын талаар өөрсдийн  санал бодлоо илэрхийлсэн байна.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Улсын мал эмнэлгийн газрын дэд дарга Р.Цогтбаатар, уул уурхай, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл болох Оюутолгой ХК, Тавантолгой ХК, Энержи ресурс, Чинхуа Мак нарийн сухайт, Жуулчин говь ХК-уудын төлөөлөл оролцож, мал аж ахуйн хөгжлийн талаар цаашдын бодлого чиглэл, хамтын ажиллагаа, оролцох оролцооныхоо тухай байгууллагын чиглэл, байр сууриа илэрхийлжээ.

Зөвлөгөөнд оролцсон малчид  мал аж ахуйн салбарын хөгжилд нөлөөлөхүйц чухал асуудлуудаа нэгтгэн  аймгийн ИТХ-аар хэлэлцэгдсэн “Малчин” хөтөлбөр,  “Малжуулах  сан” гийн журмыг дэмжиж батласан байна. Малжуулах санд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан  250 сая,  аймгийн төсвөөс 300 сая, Хаан банк 150 сая , Оюутолгой ХК 50 сая төгрөгийг төвлөрүүлээд  байна.  

Зөвлөгөөний үеэр малчдыг эрчимжсэн аж ахуйн туршлага судласан төдийгүй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцжээ.

Ган зудыг хохирол багатай даван туулсан таван малчныг аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасны дээр 10 гаруй малчдыг ХААН банк, ЖДҮГ зэрэг байгууллагууд шагнасан бол аймгийн Улаан загалмайн хорооноос малгүй буюу ган зудын хохиролд ихээхэн нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламжийн дээжийг хүртээлээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж