Ноднин жил 9 сард шог зураач С.Цогтбаяр “ Холливудын студиуд Монголд албан ёсоор орж ирж байна шүү дээ” найз нь нээлтэд оролцлоо гэж ярьж байхад нь нэг их анзааралгүй өнгөрч билээ. Гэтэл энэ жил дахиад нэг томоохон арга хэмжээ 5 сарын 17- нд Сентрал тауэрт болно гэсэн урилга ирсэн болохоор оролцлоо.
Хүүхдийн баяр болж байна уу гэмээр сэтгэгдэл эхлээд төрлөө. Маш олон хүн хуран цуглаад гадаа задгай театрт кино үзэх ажээ. Голдуу хүүхдээ дагуулсан залуучууд байлаа. Энд тэнд Холливудын баатруудын зураг баримлын хамт зургаа авахуулахаар урт дараалал үүссэн байх аж. Нэг л сайхан баяр болж байгаа мэт . Эхлээд Frozen хэмээх хүүхэлдэйн кино гарч хүүхдүүд баясан үзэцгээж эхлэв. Түүний дараа Татар, A Sound хамтлагууд дуу дуулж тэгээд Iron man 3 гэж дөнгөж саяхан театраас буусан шинэ кино үнэ төлбөргүй гарч байлаа. Багадаа зуслангийн театрт кино үзэж байсан санагдажюун түрүүн эртний нэгэн дурсамж сэргээд ирлээ. Бас АНУ-ын Нью Иорк хотод төв цэцэрлэгтээ ийм арга хэмжээ ням гараг бүр болж байдгийг санав. Төв номын сангийн ойролцоо ногоон зүлгэн дээр хотынхон цугларч асар том дэлгэцээр Холливудын хуучин сонгодог киног үзүүлдэг талбай Нью-Йоркод бий болоод их уджээ. Ийм үнэ төлбөргүй үзүүлбэрүүд улс орон болгонд байдаг.
Гэтэл манайд бүр албан ёсны эрхтэйгээр ийм үйл ажиллагаа яваад эхэлжээ. Зүгээр нэг үзэгчийн байр сууринаас байж чадсангүй ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа Юнител группын Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэгтэй уулзаж ярилцсан маань бүр ч сэтгэл хөдөлгөлөө.Аргагүй л маркетингийн хүчирхэг багийг удирдаж байгаа гэсэндээ өвөрмөц сэтгэлгээтэй, эрч хүчтэй бүсгүй байсан юм. Бид хоёр их удаан хамт ярьж суулаа. Тэрээр өгүүлэхдээ:
“Өнгөрсөн жил манай Юнивишн компани “Hollywood Монголд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Холливудын Их Дөрвөл студитэй албан ёсоор хамтран ажиллах болсноо олон нийтэд зарласан. Warner bros, Walt Disney, Paramount, Universal гэсэн 4 студитэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаасан.
Тэгвэл энэ жил 20thСentury Fox, Sony Pictures Entertainment болон Солонгосын CJ Entertainment студиудтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байгаа. Анх бид тэдгээр студиудтэй холбогдоход Монголорчуулга, дуу оруулалтын чанар, хүний нөөцийн боломж, техникийн хүчин чадлыг судламаар байна гэсэн. Бид дээр дурьдсан олон шалгуурыг давсны үр дүнд гэрээ байгуулж чадсан. Мөн оюуны өмчийг дээдлэж, албан ёсны эрхтэй бүтээлүүдийг хэрэглэж заншсанаараа үзэгч олон зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын оюуны бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжиж, цаашид тэднийг гайхалтай бүтээл туурвихад нь тус тусын хувь нэмрээ оруулж буйн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бидний хийж буй ажил маань эргээд дотоодын оюуны үйлдвэрлэлийг хөгжихөд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг” хэмээн ярьж байлаа.
Албан яриа ингэсгээд өндөрлөж би сэтгүүлч хүний сониуч зангаар яриагаа энгийн болгож олон зүйлсийн талаар ярилцлаа. Юнивишн ингэж гадаа задгай театрт кино үзүүлж занших бодолтой байгаа нь зүгээр л нэг реклам биш юмаа. Өнөөдөр хүмүүс фэйсбүүк, твиттер гэх мэтээр хоорондоо нэг л хөндий харьцаад байх болжээ. Кино бол гэртээ ч тэр гадаа ингээд үзэхэд ч тэр дотно харьцаа үүсгэдэг дулаахан эд шүү дээ. Тиймээс энэ арга хэмжээ нь амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай орчинг бүрдүүлж, хүмүүсийг хооронд нь ойртуулах, амьд харилцаа үүсгэх зорилготой юм л даа гэж ярих нь их л дулаахан сонсогдож байлаа.
Тиймээ кино урлаг нээрээ л олон хүнийг холбодог хамт байлгадаг бараг цорын ганц урлаг ч гэж хэлж болно. Хайр дурлалыг хамт кино үзэхтэй ямагт холбосоор л ирсэн. Хүний далд ухамсарын харанхуй хонгил руу шууд яваад орчихдог урлаг бол яах аргагүй кино урлаг билээ.Кино үзээд гарч ирж байгаа хүн ямагт тайвшрал сэтгэл ханамжтай болж гардагийг бүр шинжлэх ухаан ч нотолсон. Ийм нэг сайхан намуухан орой гэрлүүгээ харьж явахдаа сэтгэл маш сайхан цэлмэж ирсэн болохоор шууд орж ирээд л энэ товч сурвалжлагаа бичлээ.
Ер нь бол Монголчууд бид тэдэн дээр очих биш тэд өөрсдөө Монголд таны гэрт хүрч иржээ. Юнивишнийн Видео сангаас Холливудын шилдэг студиудын бүтээлүүдийг та бүхэн хүлээн авч үзээрэй.
Нийтлэлч: Д.Төрмөнх