-Монголын бизнесийн зөвлөл Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн
ажлын явцын танилцуулж уулзалт хийлээ-
Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл баталсантай холбоотойгоор “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Монголын бизнесийн зөвлөлөөс гадаад, дотоодын бизнес эрхлэгчидтэй “Туушин” зочид буудалд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирж, хийж эхэлсэн зарим ажлуудын талаар мэдээлэл өгч, оролцогсдын цөөн асуултад хариулсан юм. “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд 5-6 бүлэгтэй нийт 71 орчим асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллах талаар бид мэдээлсэн. Энэхүү 100 хоног эхлээд арав гаруй хоног болсон ч ахиц ажиглагдсан талаар уулзалтын үеэр онцоллоо.
Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн дотор ид шид бий болчих юм шиг зарим нь ойлгож байх шиг байна. Тиймээс эхлээд ойлголтыг цэгцлэе. 100 хоногийн дотор бидэнд засч, залруулах ямар юм байв, цаашдаа зөв тулгууртай, тогтолцоотой болъё гэвэл бизнесийн салбарт юуг яаж өөрчлөх хэрэгтэй гэдгийг тодорхой болгох юм. Гэхдээ тодорхой шийдлүүд гаргасан байх ёстой. 100 хоног бол Засгийн газар, бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах арга, механизм бүрдэх ёстой хугацаа. 100 хоногийн хүрээнд хийх ажлыг санаачлаад, тэр ажлын зарим нь ажил хэрэг болж эхэлчихээд байна. Жишээ нь, Ашигт малтмалын хуулийг зөндөө шүүмжилсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоод гурав орчим жил өнгөрлөө. Үүнийг бид УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоо батлах учиртай. Даваа гараг бүрт ямар ажил хийсэн, юу хийх нь зүйтэйг Монголын бизнесийн зөвлөлийнхөнтэй хамтран мэдээлэл хийж байахаар болсон. Өнөөдөр бид Засгийнгазрын хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гурван цементийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Нэг нь Чингис бондоос санхүүжүүлэх Баян-Өлгий аймагт босч буй цементийн үйлдвэр. Мөн манай эм үйлдвэрлэдэг компаниуд нийлээд дуслын шингэний үйлдвэр байгуулахаар болсон байна. Түүнийг дэмжинэ. Тав дахь нь “Монголдоо бүтээцгээе” нэрийн дор 1000 гаруй төсөл ирсэн. Түүнээс 500 нь хоёр тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт хүссэн зээл байгаа. Үүнийг Чингис бондоос 100 сая долларын санхүүжилтийг Жижиг дунд үйлдвэрийн санд шилжүүлсэн. Энэ шийдвэрийг бид өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ мэтчилэнгээр асуудлыг цаг тухай бүрт нь шийдэхийг зорьж байна” гэсэн юм.
Уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Монголын хувьд эдийн засгийг хөгжүүлэх механизм бүрдсэн байна. Үүн дээр гадаадад төгсч ирсэн шилдэг залуучуудаа татан оролцуулмаар байна. Ингээд макро эдийн засгийг хөгжүүлэхэд ийм залуусаас бүрдсэн баг бий болгох хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлсэн. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэмжсэн юм. Мөн өөр нэг санаа дэвшүүлсэн нь хөрөнгийн зах зээлийг хөрөнгө оруулалтыг татах ажлын салшгүй нэг хэсэг болгох талаар байлаа.
Сануулахад, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд одоогийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд бизнес эрхлэгчдийг дэмжих, уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрлэл, аймаг орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, төсөв, мөнгөний бодлогыг зохицуулах зэрэг ажил хийж, гүйцэтгэх юм.
У.БОЛОР