Ойн тооллогод тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Ойн тооллогод тэрбум төгрөг зарцуулна

Байгаль орчны салбарын шинэчлэлийн нэг “Олон зорилтот ойн тооллого”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтэнд БОНХ-ийн Сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Гантулга нар оролцов.

Олон зорилтот ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын гурван баг ажиллахаар бэлэн болоод байна. Багууд өнөөдөр пургон автомашинаа хүлээн авч нэг жилийн дотор амжуулах ажлаа эхлүүллээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5,7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэнэ.

Манай улс 1956 онд анх удаа ойгоо тоолж байжээ. Тухайн үед аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо гээд бүхий л салбаруудыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах шаардлагын улмаас тооллого хийж байжээ. Ойн аж ахуйг хөгжүүлэх, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг зөв байршуулах, тэргүүнд ойн баялгийн нөөцийг тогтоох ажил тэр үед эхэлжээ. Харин энэ удаагийн ойн тооллогоор ойн насжилт, өсөлт зэргийг тооцож гаргахын сацуу хичнээн тонн хүлэмжийн хийг шингээж, хэдий хэрийн хүчилтөрөгч ялгаруулж байгааг ч хэмжих юм байна. Энэ бүхнийг тодорхойлж мэдсэнээр Киотогийн протоколын оролцогч орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, цаашид хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээрээ хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж судлаачид үзэж буй ажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж