Говь-Алтай аймгийн Тонхил сум үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын “Сутайн бор” уулын клубын уулчид 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар 09:19,УБ-ын цагаар 13:19-д Европ тивийн ноён оргил Эльбрусийн оргил /5642м/-д амжилттай гарч тугаа мандууллаа. Багийн бүрэлдэхүүнд Д.Батжаргал /ОУХМ, “Сутайн бор” клубын дасгалжуулагч, МХЗСАХ-ны Ерөнхийлөгч, МУҮХ-ны тэргүүлэгч гишүүн, багийн ахлагч/, А.Батсүх /Спортын мастер, “Сутайн бор” клубын тамирчин/, Д.Ганчулуун /“Сутайн бор” клубын тамирчин, Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан/, Б.Онон /ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны ажилтан, тамирчин/, Б.Энхтөр /“Урбанек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, тамирчин/, Н.Батсайхан /УБДС ТӨХК-ийн инженер, тамирчин/ нар багтжээ. Түүнчлэн ОХУ-ын “Страху нет” уулын клубын хоёр хөтөч оролцсон байна.
Авиралтыг эрсдэлгүй гүйцэтгэх үндсэн нөхцөл болох ерөнхий бэлтгэлийг тусгай төлөвлөгөөний дагуу 7-8 сарын турш нутагтаа, өндөрт дасан зохицох бэлтгэлийг 2014 оны тавдугаар сарын 12-ноос 17-ны өдрүүдэд Эльбруст базаасан юм. Уулчдын баг Трескол /2100м/ тосгонд очсоны дараа “Трескол” одон орон судлалын төв /3100м/, Чигет уулын дэд оргил /3100м/-д хүрч, үргэлжлүүлэн Азау/2100м/-Мир станц/3500м/-Гарабаши/3780м/ хүртэл үүргэвч, багаж хэрэгсэл болон хоол хүнсээ хуваан үүрч явганаар өгссөн бөгөөд Гарабашид “Бочек” хэмээн адилтган нэрлэх төмөр торхоор хийсэн оромжинд үндсэн байрлалаа эзэлжээ.
“Бочек /3780м/”-ноос Пастуховын хадны доод /4100м/, дээд /4750м/ хэсэг хүртэл өгсөж, буцаж “Бочек”-тоо ирж хоноголсоор өндрийн бэлтгэлээ чамбайруулсан ба төлөвлөгөө ёсоор дахин өгсөж 5000м-т хүрэх байсан хэдий ч цаг агаарын байдлаас шалтгаалж бэлтгэлээ нэг өдрөөр урагшлуулж тэнгэр муудахаас өмнө өрсөх шаардлагатай болсон байна.
Оргил руу дайралтыг 2014 оны 5 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 02:30-аас эхлүүлжээ. Ингээд бүтэн долоон цаг үргэлжилсэн дайралтын эцэст Эльбрусийн Баруун оргил/5642м/ дээр гарч тугаа мандуулж чадсан байна.
Б.АЛДАР