Б.Цэвэгсүрэн: Надад хийж үзээгүй ажил гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Б.Цэвэгсүрэн: Надад хийж үзээгүй ажил гэж байхгүй

“Лонх арт” Төрийн бус байгууллагын захирал, уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн “Лонхон доторхи урлал” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн өнөөдөр /V.26/  “Blue moon” арт галерейд нээлтээ хийлээ.

Лонхон доторхи төрийн ордон, лонхонд багтсан монгол аж, ахуй. Олон хүнд энэ зүйлс  төсөөлөгдахгүй биз ээ. Байж боломгүй ч юм шиг…Магадгүй хуучин нийгмийн үед байсан бол энэ бүтээлүүдийг бүтээл гэж үзэлгүй хогийн саванд хийж эзнийг нь хэцүү нэртэй газар аваачих байсан болов уу. Тэгвэл лонхон дотор бүтээл хийх нь нэг төрлийн нарийн урлаг болсныг уг үзэсгэлэн харууллаа. “Алд бие минь алжааваас алжаатугай,  ахуй төр минь бүү алдартугай” гэх Чингис хааны сургааль Чингис архины шилэн дотор Монгол бичгээр бичсэн нь ч мөн сонирхолтой харагдаж байлаа.  Магадгүй өвөө эмээ нар маань уг үзэсгэлэнг үзвэл жаахан дургүйцэж магадгүй гэх сэтгэгдэл төрснөө нуух юун.

Монголд анх удаа гэгдэж буй уг үзвэрүүд нь ерөнхийдөө монгол аж ахуй амьдрал өв уламжлал, соёлыг агуулсан байлаа. Говийн ганц айл, морин хуур, монгол гэх монголын гэх бүхий л үнэт соёлын өвүүдийг уг үзэсгэлэнд гаргажээ. Ингээд тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр залуу уран бүтээлч Б.Цэвэгсүрэнтэй  ярилцсанаа уншигчиддаа хуваалцъя.

-Та  үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулна уу. Ийм бүтээл хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-Анх европчуудын лонхтой усан онгоцноос санаагаа авсан.Ер нь Монгол ахуй, байгалийг яагаад үүнтэй адил бүтээж болохгүй гэж бодсон. Тэгээд л энэ ажлаа эхлүүлсэн дээ. Нийт 200 гаруй бүтээл байгаа.  70 орчим нь л “Лонхон доторхи урлал” үзэсгэлэнд тавигдсан.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би арван жилийн сургуулиа төгссөнөөсөө хойш хийж үзээгүй ажил гэж байхгүй. Ямар ч ажлыг “цэвэр” сонирхлоороо хийдэг.

-Үзэсгэлэнг сонирхож байгаа хүмүүс хоорондоо нэг зүйлийг их ярилцаж байх шиг ээ. Лонхон дотор эдгээр зүйлсийг яаж багтаасан юм бол гэж…?

-Хүмүүс их асууж байна л даа, энэ талаар. Шилээ зүсч байгаад буцаагаад наачихдаг юм уу гэж. Гэхдээ эдгээрийг бүгдийг нь шилнийх нь амсраар оруулж, бүтээл болгосон. Ямар нэгэн байдлаар лонхоо хагалж, зүсч хийгээгүй. Бүгдийг нь амсраар нь багтаасан. / Инээв /

-Нэг бүтээлийг хийхэд хэдий хэр хугацаа шаардлагатай байдаг бэ?

-Хамгийн удаан бүтсэн урлал гэвэл шинэ засгийн газрын ордон. Ерөнхийдөө 128 ширхэг жижиг хэсгүүдтэй. Лонхондоо хийхийн тулд дахиад багасгаж 150 хэсгээс бүтсэн.

-Яг хэр хугацаанд хийж дуусгасан бол?

-Ойролцоогоор долоо хоног болсон.

-Мэдээж материалын сонголт чухал байх. Монголд байдаг материалаар хийв үү,  эсвэл зориулалтын тусгай материал байдаг уу?

-Ихэвчлэн модоор бүтээсэн. Барилга барьдаг энгийн л мод. Эхлээд модоор загвараа хийгээд дахиж жижиглээд лонхондоо хийж угсардаг.

-Та урласан бүтээлүүдээ худалдаалж байгаа юу?

-Ер нь нэг их худалдаад байдаггүй. Гэхдээ нэг газар, тухайлбал  хуучнаар хүнсний 20-ын буудлын ард талд “Титэм” нэртэй бэлэг дурсгалын дэлгүүр дотор худалдаалж байгаа.

-Цаашдаа энэ төрлийн бүтээлүүдээ хийх үү?

-Цаашдаа үргэлж хийнэ гэж бодож байгаа.

-Үнийн хувьд ямар үнэтэй байх вэ?

-10 мянган төгрөгөөс эхлээд 150 мянган төгрөг хүртэл үнэтэй байгаа.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж