Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд яг одоо /V.26/ “Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийнхэн болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг “Тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон мянган хүн талархал илэрхийлсэн” гэдгийг онцлоод нүдээ олсон хууль гэж иргэд ам сайтай байгааг дуулгаж байсан юм. Түүнчлэн тамхидалтыг багасгахын тулд тамхинд ногдуулж буй татварыг нэмэх шаардлагатай байгаа гэнэ. Хэрэвзээ Засгийн газар тамхинд ногдуулж буй татварыг нэмэхгүй бол УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилж НӨАТ-т өөрчлөлт оруулах байдлаар тамхины татварыг нэмэгдүүлж, улмаар үнийг нь өсгөн, хэрэглээг багасгах гэнэ. Ингэснээр тамхины хэрэглээг 10 хувиар бууруулсан олон орны жишиг буй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Энэхүү хэлэлцүүлгээр тамхины татварыг нэмэгдүүлснээр гарах нааштай үр дүн, өнөөгийн байдал, цаашид авбал зохих арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Л.ХАЛИУ