Нүүрсний экспорт энэ оны эхнээс сул зогсолт хийсээр сүүлдээ төрийн өмчит компаниуд л нүүрсний эксортод тунаж үлдэх болсон. Одоогийн байдлаар Тавантолгойн орд, Нарийн сухайтын ордод тус бүр гурав, нийт зургаан компани идэвхтэй нүүрс олборлон экспортолж байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Тодруулбал, Тавантолгой ордод “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Нарийн сухайтын нүүрсний ордод “МАК” корпораци, “Саусгоби сэндс” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ он гараад тавдугаар сарын байдлаар нийт 6.8 орчим сая тонн нүүрс олборлосноос 5.4 орчим сая тонныг экспортод гаргаад байна.
Нүүрсний салбараас энэ жилийн хувьд улсын төсөвт 674,022.66сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс одоогоор 533,471 сая төгрөгийг тусгай зөвшөөрлийн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, НӨАТ-аар оруулаад байна.
Өнгөрсөн жил нүүрсний 37 уурхайн хувьд 421.04 га талбайд уулын ажил хийсэн бол 1308.63 сая төгрөгөөр 84.96 га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийсэн нийт зардал өнгөрсөн оны хувьд 3610.81 сая төгрөг байсан нь 2012 оныхтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан үзүүлэлт ажээ.
У.БОЛОР