“Цахимаар газар өмчлүүлэх ажил эхлээгүй”

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

“Цахимаар газар өмчлүүлэх ажил эхлээгүй”

НИТХ-аас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоож 52 байршилд газар өмчлүүлэхээр баталсан. Эдгээр газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсны дараа өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах юм.Харин дээрх байршлуудад газар өмчлөх иргэдийг цахимаар бүртгэж эхэлсэн гэх ташаа мэдээлэл олон нийтэд түгжээ. Тиймээс бид Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас шинээр баталсан 52 байршилд хэзээ газар өмчлүүлэх талаар тодрууллаа.

НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх вэ?

-НИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрыг байршил хэмжээг тогтоож,15,3 мянган га газрыг ойролцоогоор 160 мянган иргэнд  өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ шинээр өмчлүүлэх газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлгөө боловсруулж  сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, зам, дэд бүтэц, ногоон байгууламж барих газраа хасаад үлдсэн газрыг нь өмчлүүлнэ. Эдгээр газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу загвар төлөвлөлтийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, цахимаар өмчлөл явуулах программыг Мэдээллийн технологийн газраас боловсруулж бэлэн болгосон. Одоо бид цахимаар газар өмчлүүлэх журам боловсруулж,  НИТХ-д өргөн бариад байна. Газрыг цахим хэлбэрээр өмчлүүлэх журам бол нийтээр дагаж мөрдөх ёстой журам учраас НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлах учиртай. Ирэх сард НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах төлөвлөгөөтэй байгаа гэж НИТХ-ын хурлын ажлын албанаас бидэнд мэдэгдсэн.

Газар өмчлүүлэх иргэдийг цахимаар бүртгээд эхэлчихсэн гэх мэдээлэл тархаад байна?

-Цахим бүртгэл эхлээгүй байгаа. Цахимаар газар өмчлүүлэх программыг боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахдаа тест хэлбэрээр ажиллуулж үзсэн. Програмыг шалгаж байх хугацаанд зарим иргэд тэрхүү програм руу нэвтэрч хүсэлтээ өгсөн байсан. Гэхдээ энэ бол хүчингүй гэдгийг бүртгүүлсэн иргэдэд мэдэгдсэн байгаа. Газрыг цахим хэлбэрээр өмчлүүлэх журмын төсөлд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахаас 15 хоногийн өмнө өмчлүүлэх газрын байршил хэмжээг хамгийн олон уншигч захиалагчтай өдөрт тутмын сонин, телевиз, сайтуураар нээлттэй мэдээлэхээр  тусгасан. Тиймээс НИТХ-аас журмыг хэлэлцэн баталсны дараа иргэдэд маш  дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгөх болно.

-Хашааныгазрыг өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байгаа юу?

-Хашааны газар өмчлүүлэх ажил хуучин журмын дагуу хэвийн үргэлжилж байгаа. Иргэд эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөхдөө дүүрэгтээ хандан шийдвэрүүлэх ёстой. Цахимаар газар өмчлүүлэх журмыг  зөвхөн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэхэд л дагаж мөрдөх юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж