-Монгол-Австрийн Засгийн газрын хэлэлцээрээр 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ-
Энэ жил Монгол-Австри улс дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож буй. Баруун Европоос анх Монгол Улстай харилцаа тогтоосон орны нэг нь Австри улс бөгөөд өдийг хүртэл хамтын ажиллагаа сайтай орны нэгд тооцогддог. 8.5 орчим сая хүн амтай Австри улс эдийн засгийн хөгжлөөрөө дээгүүрт ордог учраас манай оронтой найрамдалт харилцаатай байгаа нь өөрөө давуу тал билээ.
Ийнхүү бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монгол-Австрийн бизнес уулзалтыг өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа. Бизнес уулзалтад Австрийн 20 орчим төлөөлөгч оролцож, хамтран ажиллах саналаа хуваалцсан юм. Австрийн төлөөлөгчид эрүүл мэнд, хот байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, машин, тоног төхөөрөмж нийлүүлэх болон зөвлөгөө өгөх сонирхолтойгоо илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, Австри гэхээр байгалийн шавхагдах баялгийн буюу дан уул уурхайн салбарт түншлэх сонирхолтой бус нийгмийн өөр салбарт орж ирэхийг эрмэлзэх болжээ. Энэхүү бизнес уулзалтын үеэр Австри улсаас хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголд 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх талаараа хэлсэн юм.
Энэ талаар Австрийн Элчин сайдын яамны БНХАУ дахь худалдааг хариуцсан худалдааны консул Оскар Андеснерээс тодрууллаа.
-Хоёр улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Австри улсаас Монголд 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх гэрээг анх 2011 онд хийж байсан юм. Гэрээний хугацаа энэ оны наймдугаар сард дуусна. Одоогоор энэ санхүүжилтээр хэрэгжих хоёр том төсөл орж ирээд байна. Нэг нь эрүүл мэндийн чиглэлийнх бол нөгөө нь хотын борооны ус зайлуулах сувгийн төсөл юм. Үүн дээр нэмэгдээд гурван төсөл орж ирнэ. Ийнхүү төсөл бүрт долоо орчим сая евро, нийт 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх юм.
-Монголд бизнес эрхлэхэд учирдаг саад бэрхшээл болон ололттой талыг дурдвал?
-Миний хувьд долоон жилийн өмнө Монголд ирж байсан. Энэ хугацаанд их юм өөрчлөгдөж, сайжирсан байна. Гэхдээ хуучин Хөрөнгө оруулалтын тухай хууль гадныхныг их үргээсэн. Энэ хуулийг буцаагаад шинэчилсэн. Гол нь энэ хуулиа гадныханд зөв тайлбарлах хэрэгтэй. Нөгөө талаар бидэнд хамтран ажиллахад боломж хангалттай байдаг юм. Монголд 10 мянган герман хэлээр ярьдаг хүн бий. Австрид ч гэсэн 3000-4000 монгол иргэн амьдардаг тул ойлголцоход илүү амар байдаг болов уу. Үүнийг цаашдаа ашиглан хамтын ажиллагаагаа сайжруулах боломжтой.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Монгол-Австрийн харилцааг сайжруулах олон жилийн хүчин чармайлт үр дүнгээ өгч байгаа болов уу гэж бодож байна. Манай хоёр улс барилга, инженер, анагаах ухаан, банкны салбарт ахицтай хамтран ажиллаж байна. Австри технологидоо их сайн улс. Өндөр технологийн ноу хау Австриас л гаралтай байдаг. Тиймээс бид тэр эх үүсвэртэй нь ажиллах хэрэгтэй. Австрийн Элчин сайдын яам, Австрийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим бид нартай хамтран ажиллаж, жил бүр ийм бизнес уулзалт хийж байна.
“MUT Austria” компанийн Монгол дахь төлөөлөгч Б.Баасанжав:
-Миний хувьд Австрийн гурван фирмийг төлөөлж энэ бизнес уулзалтад оролцож байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хогны менежментийн чиглэлээр хогны машин, гудамж талбай цэвэрлэх, өвлийн үйлчилгээ явуулах бүх төрлийн технологийг Австриас оруулахаар жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Одоо ажил хэрэг болгох гээд яриа хэлэлцээний шатанд байна. Мөн цахим үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний төсөл байгаа.
-Монголд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалт шинэдээ орно. Төслийн онцлог юу вэ?
-Монгол эрс, тэс уур амьсгалтай, тоос, тортог ихтэй болохоор сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалт хийж, нар, салхины эх үүсвэртэй төхөөрөмж байгуулж, тууштай ажиллуулахад хэцүү. Тиймээс австричууд энэ онцлогийг харгалзан үзэж төсөл боловсруулсан. Одоогоор гэрээ, хэлцэл хийгээгүй байгаа тул төслийн тухай танилцуулах боломжгүй байна. Ямартай ч хүчтэй салхи, шуургын үед санал болгож буй уг сэргээгдэх эрчим хүчний шинэ технологи бүхий төхөөрөмж өөрөө хаагдаж, дотроосоо цэвэрлэгддэг байхаар шийдсэн юм. Үүнийг зөвшилцөж чадвал энэ бол анхдагч технологи Монголд нэвтэрнэ. Ер нь бол австричууд Монголтой хамтарч ажиллахад Монголын татварын орчин таатай гэж үздэг юм билээ.
“Rosenbauer” компанийн төлөөлөгч Александр Шнекенредр:
-Манай компани дэлхийд хамгийн том гал командын машин нийлүүлдэг. Энэ дагуу Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар ирсэн. Гол онцлог нь орон, орны онцлогт таарсан машин нийлүүлэхийг зорьдог. Гал түймрийн машин, тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн онгоцны буудалд галаас авран хамгаалах систем шийдэж өгөх байдлаар бүтээгдэхүүн нийлүүлнэ. Мөн нийгмийн салбарт төрөлжөөд уул уурхайн аюулгүй ажиллагаанд хамтарч ажиллаж болно. Зориулалт, чадал, тоноглолоосоо шалтгаалаад нэг галын машины өртөг янз бүр. Ер нь дунджаар 200,000-1,500,000 евро байдаг. Манай компанийн хувьд Монгол-Австри улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 40 сая евро нийлүүлэх гэрээнд багтаж орсон тул татварын ямарваа асуудал үүсэхгүй байгаа. Монголд болж буй бизнес уулзалтын хүрээнд түншээ олоод буцна гэдэгтээ итгэж байна.
У.БОЛОР