Хөрөнгө оруулагчдыг татах уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдыг татах уулзалт болно

Хөрөнгө оруулагчдыг татах уулзалт болно

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд байгуулагдсан Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл даваа гаригт бүр уламжлал болгон мэдээлэл хийхээр болсон. Тэд өнөөдөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн долоо хоногт үйл явдал ихтэй байлаа. Тухайлбал, Бизнесийн орчинг сайжруулах богино хугацаанд дэлхийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг татах нь Эдийн засгийг эрчимжүүлэх урт болон дунд хугацааны хөтөлбөрийн нэг чухал зүйл. Өнгөрсөн долоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урд хөршид айлчилж, хоёр хөршийн удирдлагуудтай уулзсан. Уулзалтын үеэр эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцсэн. Энэ үеэр Монголоос БНХАУ-руу бараа, бүтээгдэхүүн экспортлох  боломжтой болсон. Тухайлбал, эрчим хүч экспортлох чиглэлээр ярилцсан бөгөөд яг энэ асуудлаар өнөөдөр Эрчим хүчний сайд БНХАУ-д айлчилж байгаа. Мөн Өнгөрсөн хугацаанд зөвлөлийн зүгээс 100 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзаж, өнөөдөр эдийн засагт учирч байгаа бэрхшээлийг хэрхэн богино хугацаанд шийдэх талаар ярилцсан байна. Үүний үндсэн дээр Засгийн газарт тодорхой зөвлөмж гаргаж, Монголын эдийн засагт байгаа хөрөнгө мөнгөний урсгалыг зөв сайжруулах талаар зөвлөмж өгөх юм байна. Засгийн газарт хөрөнгө оруулалтыг сайжруулах, эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө мөнгөний эргэлтийг яаж сайжруулах вэ зэргээр  хэд хэдэн чиглэлээр зөвлөмж өгөхөөр бэлтгэл, судалгаа хийж байгаа. Зөвлөмжүүдийг ирэх долоо хоногт хүргүүлэх байх” гэлээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт 12 хуулийн төсөл хэлэлцсэнээс ес нь эдийн засаг эрчимжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл байсан байна. Гэхдээ эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн зүгээс УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байх, эдийн засагт ач холбогдолтой хуулийн төслүүдийн хугацаа хойшлох тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа гэлээ. Төрийн хурд, бизнесийн хурдыг гүйцэхгүй байх  тохиолдол байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчилж, эдийн засгийн форумд оролцсон. Энэ үеэр эдийн засгийн чухал салбаруудад Оросын компаниудтай ирээдүйд яаж ажиллах талаар тодорхой яриа хэлэлцээр хийгдсэн байсан. Энэ нь дунд хугацаандаа Монголд үйл ажиллагаа явуулж  байгаа бизнес зөв төлөвлөлт хийх процесс эхэлж байгаа гэж Зөвлөл үзсэн байна. Өөрөө хэлбэл, Засгийн газар нэг талдаа зах зээлээ нээж, ойлгомжтой болгож, үүн дээр үндэслээд тогтвортой төлөвлөлт хийх боломж нээгдэж байгаа юм байна. Үүнээс гадна Засгийн газраас 579 жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг Жижиг, дунд үйлдвэржилтийн сангаар дамжуулан хөрөнгө оруулахаар болсон нь эдийн засагт тодорхой үр дүнгээ өгнө гэж зөвлөл үзэж байгаа юм байна.  Энэ төслүүд нь импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүд бөгөөд бизнес эрхэлж байгаа хүмүүст сайхан шийдвэр болсон гэлээ. Хамгийн чухал нь гаргаж байгаа шийдвэрүүд ажил болох нь чухал гэдгийг Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан онцолсон.

Монголын Эдийн засгийн форумаас санаачлан ирэх зургадугаар сарын 19-21-ний өдрүүдэд бизнесийн дээд хэмжээний уулзалт форум зохион байгуулахаар болжээ. Энэхүү форумаар хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчид төлсөө танилцуулах зэрэг олон талын боломжуудыг олгосон уулзалт болно гэдгийг зөвлөлийн гишүүд онцолсон. Тухайлбал, мах, сүү, ноос, ноолуурын холбоод зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа энэхүү уулзалтад Турк, Иордан, Итали, Герман, Энэтхэг, Голланд, Испани зэрэг улс орнууд оролцохоо мэдэгдээд байгаа аж. Мөн форумын хүрээнд бүтээн байгуулалттай танилцах аяныг зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, “Оюутолгой” ХХК, “МАК” ХХК, “Говь” ХХК, “АПУ” ХХК, “Хаан хүнс” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээн байгуулалттай хөрөнгө оруулагчдыг  танилцуулах юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж