Ирэх оноос нэгэн сонирхолтой хууль хэрэгжиж эхлэх чимээ сонсдов. Энэ бол иргэдэд НӨАТ-ын тодорхой хувийг буцаан олгох тухай юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг буцаан авдаг болохын сацуу бизнесмэнүүдийн тайландаа тусгалгүй үлдээн нууцалж далдалдаг борлуулалт ил гарч, төсөвт төвлөрөх хөрөнгийн хэмжээ өснө гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Ингэхдээ зөвхөн НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар үйлчлүүлж буй тохиолдолд шүү дээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд үнэн зөв тайлан гаргадагсан бол НӨАТ төлдөггүй байгууллага цөөн байхсан. Орлогын хэмжээ сард 10 сая төгрөгөөс доогуур аж ахуйн нэгж бүү хэл захын ТҮЦ ч байхгүй гэвэл алдас болохгүй. Гэвч орлогоо өөрөө тодорхойлж, түүнд нь татвар ногдуулдаг өнөөгийн системийг ашиглаад худал мэдүүлэгсэд олширсноос НӨАТ төлөгчийн тоо тун бага байгаа юм. Улсын хэмжээнд нийт 90 гаруй мянган аж ахуйн нэгж байгаагийн 28 мянга нь л НӨАТ төлж байна. Нийт аж нэгжийн 1/3 хүрэхгүй хувь нь л 10 саяас дээш орлоготой болж таарах нь. Магад энэ тоо хойшид буурна. Учир нь, салбарын яам болоод Татварын ерөнхий газраас НӨАТ төлөх босгыг тав дахин нэмэгдүүлж, 10 саяас 50 сая болгон өндөрсгөх хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. УИХ-аар хараахан хэлэлцэж амжаагүй ч мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг авсан дээрх хоёр хуулийн төслийг ажиглан тандваас далд орлогыг илрүүлж, иргэдийг дэмжих үндсэн зорилгоосоо гажуудсан зүйл бас бус байна.
Худалдаа хийж, ямар нэгэн үйлчилгээ авдаггүй хүн нэг ч үгүй. Өглөө ажил руугаа явах гэж автобус, таксинд суухаас эхлээд өдрийн унд, хоол идэх, өдрийн хүнсээ цуглуулахаас эхлээд та бид цөм худалдан авагчид байдаг. Тэр бүхэнд зарцуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг буцаан авдаг болох нь мэдээж, сайхан хэрэг. Ингэхдээ тухайн НӨАТ төлөгчийн 10 хувиар бодож нэмэгдүүлсэн үнэ хөлсийн хоёр хувийг худалдаа үйлчилгээ хийсэн иргэнд буцаан олгодог байхаар төсөлд тусгажээ. Хуулийг ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр тооцож, Татварын ерөнхий газрынхан бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ. Иргэд НӨАТ төлөгч аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөрийн картаар худалдаа хийсэн бол татварын байгууллагын бүртгэлд автоматаар орж байх гэнэ. Харин бэлэн болон бэлэн бусаар хийсэн төлбөрийг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, дахин ажил болгохгүйгээр хэрхэн бүртгэх вэ гэдэгт татварынхан толгойгоо гашилгаж суугаа сурагтай.
Хууль хэрэгжээд эхэлбэл хүн бүр татварын албанд бүртгүүлэхийн тулд худалдан авалтаа баталгаажуулж, тооцооны хуудсаа хадгалдаг болно. Ингэснээр татварын хувиа буцаан авахад дөхөмтэйн дээр иргэд зарлагаа хянаж, ухаалаг худалдан авалт хийдэг хямгач зан сурна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Ухаалаг худалдан авагч нарын сонголт зөвхөн НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байх бөгөөд НӨАТ төлдөггүй газраар үйлчлүүлбэл “хохь нь” гэгч болох нь. Ийм тохиолдолд иргэд буцаан олголтоо авахын тулд НӨАТ төлөгчдөд хайр зарлах нь гарцаагүй. Иргэдийн худалдан авалтаар дамжуулан НӨАТ төлөгчдийн худалдаа үйлчилгээг хянах давхар мэх татварынхан бодож олсон бололтой. Тийм байж болох л юм. Гэвч дээрх хуультай дөрөө харшиж яваа НӨАТ-ын босгыг өндөрсгөх хуулийг хэрэгжүүлж эхлэх аваас татварынхны давхар мэх оновчтой биш болох нь харагдана. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголт иргэдэд нөмөр болно гэхээсээ илүү томоохон аж ахуйн нэгжүүдийг балийшиглаж, “багачууд”-ыг нь баллуурдсан хэрэг болж мэдэх нь.
Нөгөөтэйгүүр НӨАТ төлөгч хайгаад явж байх боломжгүй худалдан авагч нар түм бум бий. Хөдөөгийн сум багт, нийслэлийн захын хороололд НӨАТ төлөх нь бүү хэл чухам юү билээ гэж гайхашран асуух ганц нэг дэлгүүрийн эзэн байж л байгаа. Ийм нөхцөлд иргэд талх авах гэж хотын төв болон аймгийн зорихгүй нь мэдээж. Ахуйн үйлчилгээний салбарынхан түрээсийн тогтолцоогоор хөгждөг. Өөрөөр хэлбэл үсчин, гуталчин, цаг, цахилгаан бараа засвар хийдэг иргэд сарын зургаан мянган төгрөг төлөөд иргэдэд үйлчилж байдаг. Тэднийг НӨАТ төлөөгүй, үйлчилгээ үзүүлсэн гэх тооцооны хуудас өгдөггүй юм гээд та бид үсээ засуулахгүй, гуталдаа зан тавиулахгүй байж чадах уу. “Эд л НӨАТ төлнө дөө” гээд үнэтэй, тансаг салоноор үйлчлүүлэх бэлтэй нь хэд билээ.
Худалдаа үйлчилгээний салбарыг гэрээт борлуулагчгүйгээр төсөөлөх аргагүй цаг үе ирээд байна. Том, жижиг гэлтгүй бүх аж ахуйн нэгж бараа үйлчилгээгээ бусдаар борлуулахыг илүүд үздэг болсон. Ингэх нь ч өөрсдөө салбар нээснээс хамаагүй ашигтай. Ийм тохиолдолд гэрээт борлуулагчийн борлуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд толгой компани НӨАТ төлөх үү гэсэн асуулт гарна. Одоогийн нөхцөлд бол “үгүй” л гэсэн хариулт өгдөг. Гэрээт борлуулалтын системийг хамгийн түрүүн нэвтрүүлсэн үүрэн телефоны компаниуд л лав гэрээт борлуулагчдынхаа борлуулсан бараанд НӨАТ олгохоо зогсоогоод удаж байна. Зөвхөн Мобиком л гэхэд 10 гаруй мянган гэрээт борлуулагчтай. Дэлгүүр болгоны гадна талд гар утасны үйлчилгээ үзүүлэгч дөрвөн компанийн хаяг логог зэрэгцүүлэн хадсан байдаг болохоор бусад нь мөн төдий тооны борлуулагчтай гэсэн үг. Гар утсаа ганц нэг мянган төгрөгөөр цэнэглэх гэж мөн л Мобиком, Скайтелийн төвийг зорих уу.
Ийм л ээдрээтэй асуултууд татварын шинэ хуулиудаас гараад байна.
Д.ЦЭЭНЭ