Зочдын бүрэлдэхүүнд хатагтай Мейра Кумарын нөхөр Манжул Кумар болон Лок Сабхагийн зургаан гишүүн, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн Тамгын газрын захирал, хэлтсийн дарга, Лок Сабхагийн даргын ажлын албаны хариуцлагатай ажилтнууд зэрэг арав гаруй хүн багтжээ.
Хүндэт зочдыг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн угтав.
Зочид мөн өдрийн үдээс хойш нийслэлийн ойролцоох Жаргалантын аманд зусч байгаа Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Ч.Отгонбаярынд зочилж, монгол ахуй амьдралтай танилцав. Гэргийн эзэн Ч.Отгонбаяр, түүний гэргий О.Уянга нар Энэтхэгийн зочдод айраг, цагаан идээний дээжээ амсуулж, монгол гэрийн онцлог, малчин айлын амьдрал ахуй, мал маллах арга ухаанаас ярьж танилцуулан гүү сааж сонирхуулав. Зочид тэдний зэлэн дээр очиж монгол морины онцлог, эдлэл хэрэглэл асууж сонирхон, морь унаж үзлээ.



Хүндэт зочид тэндээсээ Жаргалантын аман дахь “Чингис хааны хүрээ” жуулчны хотхонд зочилж, бэсрэг монгол наадам, урлагийн тоглолт үзэж , шинээр баригдаад байгаа “Их өргөө” монгол гэрийг сонирхов. Энэхүү гэр нь 12 метр өндөр, 25 метр голчтой, уулын модыг тэр чигээр нь авчирч тулж босгосон дөрвөн баганатай, хана, унь, багана, шатандаа нийтдээ 3000 гаруй сийлбэр урласан үнэхээр үзүүштэй өргөө аж. Өргөөний гол хойморын дээд чигт эзэн Чингис хааны алтадсан барималыг залж, их хар сүлд, илд дуулга, сэлэм, бүрээ бишгүүр тэргүүтнийг тойруулан байрлуулжээ. Баруун гартаа алтан шонхор барьсан их хааны барималыг 4.5 кг шижир алтаар бүрсэн тухай тайлбарлагч бүсгүй зочдод танилцуулж байлаа.
Зочид тус жуулчны баазад оройн зоог бариад 21 цагт Улаанбаатар хотод буцаж ирлээ.
Лок Сабхагийн спикер хатагтай Мейра Кумарыг маргааш өглөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүндэтгэн угтаж, хүлээн авч уулзахын зэрэгцээ хоёр спикер хэвлэл мэдээллийхэнд товч ярилцлага өгөх юм. Мөн өдөр Лок Сабхагийн спикерийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч ууулзана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.