Таны зөв сонголт – Таны амжилтын эхлэл

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Таны зөв сонголт – Таны амжилтын эхлэл

…Хорвоо дээр хүн бүр эхээс ав адилхан нүцгэн мэндэлдэг. Харин цагаан цаасан дээр хар бэхээр шунхлах лугаа хүн өөрийнхөө намтрыг өөрөө бүтээдэг тул тэдний гаргасан мөр бүхэн өөр өөр байна. Цаасаа үрчийлгэн, бэхээ дусаан уудаг цаасаа бохирдуулан туучсан нэгэн байхад 1000 хуудастай ном бичин, гар зүсэм цаастай, шинэхэн модны үнэртэй намтартай хүмүүс ч байдаг. Гэхдээ хамгийн чухал нь юу бичив гэдэгт оршино.

Бидний амьдралд чухал шийдвэр гаргах ёстой олон мөч тохиодог. Эцэг эх, найз нөхөдтэйгөөзөвлөлдөн мянга мянган шийдвэрийг бид гаргадаг. Нэр, цэцэрлэг, сургууль зэргийн сонголтонд бид нөлөөлж чадахгүй эцэг, эхийн шийдвэрийг дагадаг бол ямар мэргэжлээр гүнзгийрэн суралцах, ямар их дээд сургуульд элсэн ямар мэргэжил эзэмших, гэрлэлт, хүүхэд зэрэгт өөрсдийн толгойгоор хариуцах чадвартай байдаг. Бид сонголтондоо эзэн нь байж чаддаг уу гэсэн асуултанд таны аз жаргал, амжилт бүтээл, намтар хариулна.

Сонголт ямар үнэтэй гэдгийг тайлбарлахдаа мэргэжил сонголтоор жишээ авъя. Эргээд бодоход амьдралд мэргэжлээ зөв сонгох нь маш чухал юм.Хүн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг буюу өдрийн 24 цагийн хамгийн багадаа 1/3-ийг ажил дээрээ өнгөрөөдөг. Энэ 8 цаг нь өдрийн хамгийн үр бүтээлтэй, бүтээмжтэй хугацаа байдаг. Тиймээс энэ л хугацааг хүсээгүй зүйлдээ хий дэмий зарцуулах хэрэггүй биз ээ.

Мэргэжлээ буруу сонговол өдөр бүр, бүх насаараа дургүй ажлаа хийнэ гээд төсөөл дөө.Тиймээс сонголт бүрт мэдлэг хэрэгтэй. Мэргэжил сонголтонд

1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт

2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага

3. Нийгмийн хэрэгцээ хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.

Тэгээд өөрийгөө сонсон сонголтоо хийж чаддаг уу гэдэг нь нэг том асуулт.

45 настай, эмч А. Би багаасаа л зураг зурах дуртай хүүхэд байсан. Ээж маань өвчнөөр нас барсны дараа аав болон гэр бүлийнхнийхээ хүсэлтээр эмч болсон. Ээж шигээ өвчтэй олон хүнийг аварч байгаадаа сэтгэл хангалуун байдаг.Гэхдээ орой бүр гэртээ хариад зураг зурж, амралтын өдрөөрөө ч байгальд гарч урын сангаа баяжуулдаг.

23 настай, хуульч М. Сургуулиа төгсөхөд найзууд маань нийгэмд хамгийн хэрэгтэй мэргэжил гээд бүгдээрээ хуулийн сургуульд орсон.Өндөр цалинтай, нэр хүндтэйгээд олон давуу тал байсан ч би 3-р курсээсээ сургуулиа хаяж одоо сонирхлоо даган сэтгүүлчийн курст суралцаж байгаа.

Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь ирээдүйн амьдралын баталгаа болж өгдөг.Хамгийн сайхан ажил бол өндөр цалинтай хобби гэсэн алдартай үг байдгийг хүн бүр мэднэ. Өөрийнхөө чаддаг мэддэг, олон улсын түвшинд судалж, эрэл хайгуул хийдэг чиглэлээ мэргэжлээ болговол амжилтанд хүрч чаддаг байна.

СтивЖобс 17 настайдаа Портленд дэх Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ өөрийн хүсэлтээр гарсан юм. Тэрээр ингэх болсноо сургалтын төлбөр рүү эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, харин Стив өөрөө сургууль түүнд юу өгч байгаа, ер нь сурах хэрэгтэй эсэхийг ойлгохгүй байсан гэж тайлбарлажээ. "Амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэр энэ байлаа» хожим нь тэр дурссан байдаг. Сургуулиа орхисон Жобс жил хагас хиртэй коллежид чөлөөт сонсогчоор хичээлд суун, Коланы шил түүж хоолныхоо мөнгийг олж, ангийнхаа хүүхдүүдийн нийтийн байрны шалан дээр хоног төөрүүлдэг байлаа. Дараа нь тэр эх орондоо эргэн ирж хэдэн жилийн өмнө Hewlett–Packard компани дээр хийсэн зуны ажил дээр танилцсан Возняктай тааралджээ. Тэр үед л өөрийн бизнестэй болох санаа түүнд төржээ. Тухайн үед Воз, Жобс хоёр хоёулаа 20 нас хүрч байлаа. Тэд өөрсдийн бизнесээ “хөх хайрцаг” гэх алс холд дохио дамжуулах тусгай төхөөрөмж хийснээр эхлүүлсэн байна. Фирм нь Жобсын эцэг эхийн гаражид байрлаж байлаа. Техникийн суут ухаантан Возняк, төрмөл бизнесч Жобс бие биенээ маш сайн нөхдөг байв. "Хөх хайрцаг»-тайгаа найз нар удаан зууралдаагүй бөгөөд дараагийн алхам нь худалдахад зориулсан бэлэн компьютер угсрах ажил байсан юм. Тэдний хобби ийнхүү дэлхийн нэгэн алдарт брэндийг төрүүлжээ.

Дэлхийн хүмүүсийн түүхийг сөхвөл тэд бүгдээрээ л өөрсдийн хүслийг дагаж, зорилготоо үнэнч байснаар амжилтанд хүрчээ. Гэхдээ АМЖИЛТ гэдэг зүйлийг нэр алдартай болсноор авч болно гэж ойлгож болохгүй. Хүн өөртөө том, жижиг ямар ч зорилго тавьсан хамаагүй түүндээ л хүрч чадаж байвал амжилтанд хүрлээ гэж ойлгож болно.

“Hyundai” корпорацийг үүсгэн байгуулагч Чон Жу Ён 1915 онд Хойд Солонгосын нэгэн тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Эцэг нь цагаан будааны усан талбайд ажиллахаас өөр замгүй гэдэг байсан ч Чон ийм байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй тул гэрээсээ хэд хэдэн удаа оргож, 1934 онд Сөүл хүртэл зугтжээ.

Сөүлд очоод ачаа зөөгчөөс эхлэн бүхий л хүнд хүчир ажил хийн мөнгө хуримтлуулсаар жижигхэн бизнес эрхлэх боломжтой болсон байна. Дэлхийн 2-р дайн дуусахад Чон “Hyundai”хэмээх автозасварын газраа нээжээ. Нойр хоолоо хасан хөдөлмөрлөсний үр дүнд 1950 он гэхэд автозасвар, барилгын салбарт аль хэдийн байр сууриа олсон байв. Энэ нь дайны дараах хүнд хэцүү үеийг зөв ашиглаж, Америкийн армийнхантай түнш болсноор барилгын салбарт нэлээд хүчтэй орж иржээ.

Чон “Ямар ч байсан эрэлтийг олж авах нь чухал. Эрэлт байсан цагт юуг ч чадна, хийнэ” гэдэг байлаа. Энэ үг нь товчлогдсоор яваандаа “Hyundai” корпорацийн уриа “Хийнэ, чадна” болж хувирчээ. 1967 онд тэрбээр хямд төсөр үнэтэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн байна.

“Надад үхэх зав байгаагүй” гэж хошигнодог, бусад хүн чадахгүй, мэдэхгүй гээд шантрах зүйлд Чон хэзээ ч ухарч няцаж байгаагүй тул асар их амжилтанд хүрч чаджээ.

Тэгвэл одоо Та өөртөө хүсч байсан замаараа алхаж байна уу гэсэн асуултыг тавиад үз дээ. Элсээр байшин бариад барилгачин болно гэсэн мөрөөддөг байсан мөрөөдлөө хэн нэгний, эсвэл нийгмийн нөлөөгөөр сандал, ширээ дэрлэсэн оффисын мануухайгаар солиогүй биз?

Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Уоррен Баффет 77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй тэрээр дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Berkshire Hathaway-годоог хүртэл тэргүүлж явна.

Үе тэнгийн 6 настнууд нь тоглож байхад Уоррен хүү өвөөгөөсөө зээлсэн 25 центээр 6 багц Кока кола ундаа худалдан авч гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт нэг ширхэг Колаг 5 центээр зарж олсон мөнгөөрөө унадаг дугуй худалдан авч байв. Тэрээр хэн нэгнээс худалдаж авсан зүйлээ бусдад үнэ нэмэн зарж ашиг олдог байсан бөгөөд мөнгөө хэрхэн өсгөх тал дээр толгой нь гайхалтай ажилладаг овжин хүүхэд байлаа. 11 настайдаа Cities Service-ийн нэг бүр нь 38 доллараар үнэлэгдсэн 3 ширхэг хувьцаа худалдан авч нэг бүр нь 40 долларын үнэтэй болоход заржээ. Харин хувьцаагаа зарснаас хэдхэн хоногийн дараа Cities Service-ийн хувьцаа 200 доллараар арилжигдаж эхлэв. Энэ явдал нь Уорренд “Тэвч. Тэвчээр бүхнийг ялна” гэдэг сургамжийг өгсөн гэдгийг тэрбээр хожмоо дурсан ярьсан байдаг.

17 настай Уоррен ахлах сургуулиа дүүргээд аавынхаа шахалтаар бизнесийн сургуульд орсон боловч сургуулийн профессоруудын заасан бүхэн чамлалттай санагдсан тул сургуулиа орхихоор шийджээ.

2009 онд 79 настай золгож байгаа Уоррен Баффет “Сэтгүүлчид надаас та энэ их эд хөрөнгийг бий болгох хэр хүч хөлс хүч, он цагийг зориулснаа бидэнд яриач гэдэг. Үүнд ганцхан хариулт бий. Би хэзээ ч мөнгөний төлөө хөдөлмөрлөөгүй. Зүгээр л ажилдаа дур сонирхолтойгоор тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л хүссэн юм. Гэхдээ би өөрийгөө баян хүн болно гэдгийг мэддэг байсан юм шүү. Өөртөө төрүүлсэн итгэл маань бүхнээс хүчтэй болгож байсанд нууц нь бий болов уу гэж би хариулдаг” гэжээ.

Энэ хэсэгхэн зайг таны бодолд үлдээе. Яг одоо үүнийг уншиж буй танд юу эс бодогдох билээ. Орчноосоо хэсэгхэн тасраад ойрын үед санаагүй тэр цаг хугацаанд эргэн нэг зочлоод хүсэл мөрөөдөл, зорилгынхоо зөв замаар урагшилж байгаа эсэхээ тунгаая.

СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСНЭЭР Л АМЖИЛТАНД ХҮРДЭГ.

ХҮН БҮРИЙН СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ АЛТАН ГАДАС ОД РУУГАА СААДГҮЙ АЛХАХ БОЛТУГАЙ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж