Ховдчууд спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Ховдчууд спортоор өрсөлдөж байна

Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг спортын наадам өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарч байгаа ховдчуудын дунд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн өчигдөр эхэлжээ. Энэ жилийн спорт тэмцээнд 34 багийн 1000 орчим тамирчин оролцож байгаа аж. Тамирчдын хамгийн отгон нь 13 настай н.Энхжин бол хамгийн ахмад нь шатрын тэмцээнд оюун ухаанаа сорьж буй 76 настай н.Мягмарсүрэн юм. Мөн тус тэмцээнд “Хасу”, “Танан гарьд” багийн лигийн тамирчид оролцож байгаа нь улам өргөн хүрээтэй болгожээ.

Тэмцээнд оролцогчид волейбол, сагсан бөмбөг, шатар, теннис гэсэн спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр ялагчид мөн ялагч баг тодрох юм.

Спортын наадмыг үзэж сонирхохоор, хөгжөөн дэмжихээр нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж учирахаар ховдчууд тус ордонд олноор хүрэлцэн ирсэн байлаа.

Харин өчигдөр уг тавдугаар наадмын нээлтийг хийх үед УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Мөст сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Д.Батцогт, Батлан хамгаалахын дэд сайд, Манхан сумын Нутгийн зөвлөлийн дарга А.Баттөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Засаг даргын орлогч н.Амарсанаа нар оролцсон юм.

Тэмцээнд оролцож байгаа тамирчдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт амжилт хүсч, “Энэ өдөр баг тамирчид маань нэгдэн нийлэх нэгэн зорилго дор спортоор өрсөлдөх юм шүү” гээд дахин амжилт хүссэн юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж