“Ургах наран” хорооллыг төвлөрсөн шугамд холбоно

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

“Ургах наран” хорооллыг төвлөрсөн шугамд холбоно

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын есөн байрны бохирын шугамыг шийдээгүйгээс, ашиглалтад орсон цагаасаа эхэлж,  бохир нь хальж онц байдал зарлах хэмжээнд хүргэж, асуудал хөндсөөр ирсэн билээ. Тэгвэл энэ асуудлын талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр мэдээлэл хийж, тодорхой арга хэмжээ авах шийдэлд хүрсэн юм. Энэ тухай Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодрууллаа.

-“Монгол мөрөөдөл” төслийн хүрээнд “Ургах наран” хороолол баригдаж, нэлээн хөрөнгө зарсан гэдэг. Гэвч тус хорооллын бохир нь хальснаас Налайх явах замд халтиргаа үүсч авто замаар зорчиход хүндрэлтэй байгаа тухай энэ өвлийн турш сэрэмжлүүлэг цацагдаж байлаа. Дэд бүтцийг ямар компани гүйцэтгэсэн байдаг юм бэ, Нийслэлээс хөрөнгө мөнгө нь гарах ёстой байсан гэх мэт бүдэг бадаг яриа сонсогддог?

-“Ургах наран” хорооллын ерөнхий төлөвлөлт 2006 оноос эхэлсэн байдаг. НИТХ-ын 2007 оны долдугаар сарын 1-нд нийслэлийн төвлөрлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төслийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын санаачилгаар 100.000 айлын орон сууц төслийн хүрээнд “Ургах наран” хорооллыг барьж эхэлсэн юм билээ. Нийт 468 тэрбум төгрөгийн өртөгтэй босгохоор НИТХ-ын 2009 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаар баталсан байдаг. Нийт 120 га газарт уг хотхонг байгуулахаар төлөвлөж, зөвхөн орон сууц барихад 267.4 тэрбум, хорооллын дэд бүтцэд 37.7 тэрбум, инженерийн бүтцэд 153.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байсан байгаа. Нийслэлийн тухайн үеийн Засаг даргын Тамгын газар “Блью Скай Партнерс” ХХК-тай 2007 онд хийсэн хамтарч ажиллах гэрээнд нийслэлээс газар, дэд бүтцэд дэмжлэг үзүүлж, гүйцэтгэгч компани хөрөнгө гаргаж,  Ургах наран хороолол баригдсанаар өнөөдрийн байдлаар тус хорооллын есөн байранд 432 өрхийн 1728 иргэн амьдарч байгаа юм.

-“Ургах наран” хорооллын бохирын систем төвлөрсөн шугамд холбогдоогүйгээс багагүй асуудал үүссэн гэдэг. Ийм тохиолдолд хуулийн ямар зохицуулалт байдаг юм бол?

-Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль гэж бий. Энэ хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д“Засгийн газар, хот суурины ус хангамж, ариутгах татуургын талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”. Мөн 4.1.1 дүгээр зүйлд“Хот суурины хэрэглэгчийн стандартын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэх үүрэг хүлээж, ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан байдаг. Иймээс Засгийн газар, нийслэлийн удирдлагаар дамжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хариуцуулж, ажиллана гэж ойлгож байгаа.

-Тэгэхээр “Ургах наран” хорооллын асуудлыг цаашид яаж шийдвэрлэхээр болсон гэсэн үг бэ?

-“Ургах наран” хорооллын хувьд дүүргээс маш том ачаалал үүрч, удаан хугацаанд ажиллалаа. Нийслэлийн удирдах зөвлөлийн хуралдаанаас “Ургах наран” хорооллын асуудлыг цаашид нийслэл хариуцаж, онцгойлон анхаарч ажиллахаар боллоо. Хотын удирдлагууд “Ургах наран” хорооллын бохирын системийг анхааралдаа авч, Хотын ерөнхий менежер Б.Бадрал даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхлээр цаашид “Ургах наран” хорооллын бохирын систем төвийн шугамд холбогдож, тус хорооллын 432 өрх хэвийн нөхцөлд амьдрах боломжтой болно байх.

-“Ургах наран” хороололд дүүргээс өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн байдаг бэ. Бохир халих тоолонд л Баянзүрх дүүргээс хүмүүс ажиллаж байна л гэж сонсогдоод байдаг байсан?

Анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Ургах наран”хорооллын бохир хальж, нийт 9 га газарт мөсөн бүрхүүл тогтсон юм байна. Баянзүрхийн товчооноос Налайх явах замд мөсөн бүрхүүл тогтож, автомашины хөдөлгөөнд ч хүндрэл учруулж эхэлсэн. Мөн хөрсний бохирдол бий болж, халдварт өвчин гарах сөрөг үр дагавар бүүсч болзошгүй болсон. Тиймээс нийслэлээс санхүүгийн дэмжлэг авч, мөсөн бүрхүүл бий болсон 2 га газрын бохир мөсийг хуулж, нийт 9  га хөрсийг ариутган халдваргүйжүүлэлт хийсэн. “Урган наран” хорооллын цооногоос нийт 2223 удаагийн рейсээр 200 гаруй тонн бохирыг нь соруулж авсан байдаг юм. Төвлөрсөн төвийн шугамд холбогдчихоор проблем шийдэгдэнэ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж