G20 төсвийн алдагдлаа бууруулахаар тохиролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

G20 төсвийн алдагдлаа бууруулахаар тохиролцлоо

Бямба, ням гаригт болсон G20-ын уулзалтад оролцсон удирдагчид тус бүрийнхээ төсвийн алдагдлыг эдийн засгийнхаа өсөлтийг зогсоолгүйгээр бууруулахаар тохиролцжээ. Тус бүлэгт багтдаг хөгжилтэй орнууд ойрын гурван жилд багтаан төсвийн алдагдлаа хоёр дахин бууруулах ёстой гэж Канадын Ерөнхий сайд Стефен Харпер ярьсан байна. Чуулга уулзалтад ирэхээсээ өмнө G20-ын гишүүн улсууд төсвөө танах шийд гаргасан байсан талаар сэтгүүлчид мэдээлж байна. Уулзалтын үеэр олон улсын банкнуудад хяналт тавих тухай санал дэмжлэг авсангүй. Харин улс тус бүр өөрсдийн банкны системд хяналтаа үргэлжлүүлэхээр болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Бидний маргаашийн санхүүгийн байдал өнөөдөр бид ажлын байр бий болгож, өсч чадаж байгаагаас хамаарах болно. Санхүүгийн тогтвортой байдал гэдэг бол эцсийн зорилго биш. Тогтвортой, тэнцвэртэй өсөлт бий болгохын тулд эдийн засгаа сэргээх өдөөгч арга хэмжээнүүд үргэлжилсээр байх болно гэдгийг бүх удирдагчид ойлгож байна. Ирэх 11 дүгээр сард Өмнөд Солонгосын Сөүл хотод болох G20-ын уулзалтын үеэр том банкнуудын зохицуулалтын талаар хэлэлцэх болно. Бид сая дайрч өнгөрсөн шиг санхүүгийн хямралд өртөхгүйн тулд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй” гэж ярьжээ.

Хятадын юанийн ханшаа чөлөөтэй тавьсан талаар асуухад Обама “Олон улсын эдийн засаг буцаж хэвийн байдалд орохын тулд улс орнууд буруу байдлаар давуу талтай болж байсныг болиулах ёстой. Улс орнуудын валютууд зах зээлээр тодорхойлогддог байх нь чухал. Өчигдөр би Ху Ерөнхийлөгчтэй уулзаад АНУ Хятад улсын шийдвэрт талархаж байгааг илэрхийлсэн” гэж ярьсан.

Гэвч Хятадын валютын талаар чуулганаас гарах эцсийн баримт бичгэнд оруулах гэхэд Хятад эсэргүүцсэн бөгөөд энэ бол тусгаар улсын бүрэн эрхийн асуудал гэж шалтгаанаа тайлбарласан. Өнгөрсөн сард Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш анх удаа энэ дээд хэмжээний уулзалтанд оролцож байгаа Дэвид Камерон дэлхийн эдийн засгийг өсгөхийн тулд гацаанд ороод байгаа Дохагийн яриа хэлэлцээг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ярьсан.

Дэлхийн эдийн засагт тэргүүлэгч байр суурьтай 20 улс төсвийн алдагдлуудаа хэр эрчимтэй танах талаар санал зөрөлдсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төсвийн алдагдлыг хурдан танах нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж анхааруулсан. Харин Их Британи, Франц, Герман зэрэг төсвийн алдгдлаа бууруулна гэдгээ олон нийтэд зарласан улсууд АНУ-тай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад АНУ-ын төсвийн алдагдал 2010 онд 1.3 триллион ам.доллар хүрнэ гэж эдийн засагчид тооцоолж байгаа. Эдийн засгийн хөгжилтэй орнууд төсвөө эрс танах нь хөгжиж байгаа эдийн засгуудад сөрөг нөлөө үзүүлнэ гэж Аргентин, Бразил болгоомжилж байна.
Торонто хотод дэлхийн удирдагчдыг чуулж байх үеэр Торонтогийн гудамжуудад эсэргүүцлийн жагсаал болж цагдаагийн эргүүлийн хоёр ч машиныг шатаасан байна. Зарим байрлалуудад эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цагдаа нар резинэн сум ашигласан байна гэж “Canadian Broadcasting Corporation” мэдээлжээ. Амралтын хоёр өдөр болсон жагсаалын үеэр цагдаа нар 500 гаруй жагсагчийг баривчилсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж