Засгийн газар хүүхдээр тоглож, хүссэнээрээ тонгочдог болжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Засгийн газар хүүхдээр тоглож, хүссэнээрээ тонгочдог болжээ

Ардчилсан намынхан өөрсдийгөө “Баруун төвийн үзэл баримтлалтай“ хэмээн дөвийлгөдөг. Гэвч улс төрийн тавцнаас хонжоо хайсан тоглолтууд нь тэднийг ямар ч үзэл баримтлалгүй мэт харагдуулдаг болсоор удаж байна.  Тэд “Бид хүүхдийн мөнгөний автор нь“ хэмээдэг байсан бол өдгөө засаглалыг бойкотлох алхамд шилжжээ. Хамтарсан Засгийн газраас 14 хоногийн өмнө “Хүүхдийн мөнгө өгөх боломжгүй. Засгийн газар “2010 оны эхнээс хүүхдийн мөнгө олгохгүй” гэж шийдчихээд зургаан сарын дараа олгох тухай шийдвэр гаргах нь хуулийн насжилтад сөрөг нөлөөтэй. Тэгээд ч хүүхдийн мөнгийг олгох санхүүгийн эх үүсвэр байхгүй” хэмээн мэдээлсэн. Гэтэл долоохон хоногийн дараа тэд “Засгийн газар хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг олгох байр сууриа хадгалж байна” гэсэн мэдэгдэл хийв. Гүйцэтгэх засаглал нь ийн 14 хоногийн дотор байр сууриа өөрчлөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Ардчилсан намынхны бойкот.
Эрх мэдлээ тогтоон барих хүсэлтэй засаглалынхны сонирхол ийн улсын төсвийг дахин 100-120 тэрбум төгрөгийн хохиролд учруулах нь тодорхой.

УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэхтэй зэрэгцэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүргэх их үүрэг ноогдож байсан ч “Сонгуулийн амлалт” хэмээн үглэсээр байгаад бараг долоон хувь руу халтирахад хүргэв. Дээр нь Засгийн газар “Хүний хөгжил сан”-аас олгох эх орны хишгийн хувь хэмжээг нэмэгдүүлж, сар бүр олгохыг зорилго болгосноо өнгөрсөн долоо хоногт мэдээлэх нь тэр. Ингэхдээ хүүхдэд сар бүр олгох 20 мянган төгрөгийн тэтгэмжийг “Хүний хөгжил сан”-д хамаатуулж, нэгэн дээврээс олон тал руу мөнгөн тусламж илгээх арга ухаан бодож олжээ.

Улстөрчдийн эл хувирамтгай шийдэлд нөлөөлсөн гол хүчин зүйл нь мэдээж ард түмний эрх ашиг байгаагүй. Ердөө л УИХ-ын 2008 оны сонгуулиар амласнаа биелүүлэхгүй бол дахиж улс төрийн тавцанд нэр хүндтэй гарч ирэх орон зайгаа алдахаас айсан Ардчилсан намынхны тулган шаардалт,  шахалт байлаа. Үүнээс нь үүдээд Засгийн газар ийн ичих нүүргүй болтлоо зангаа хувиргав. Ардчилсан нам “МАХН-ын амласан “Эх орны хишиг” буюу 1.5 сая төгрөг дотор бидний амласан “Эрдэнийн хувь” буюу нэг сая төгрөг байгаа” гэдгийг иргэдэд хэчнээн тайлбарласан ч сонгогчид нэг л сайн ойлгоогүй.

МАХН ч ойлгуулахыг хүсээгүй учраас “1.5 сая бол бидний амлалтын биелэлт” хэмээн магтан дуулж байна. Иймд Ардчилсан намынхан өөрсдийн нэр хүндийн баталгааг аварч үлдэхийн тулд, тусгаар тогтносон амлалтын уралдаанд ялагчийн туг өргөхийн тулд УИХ-ын хуралдааныг хаяж бойкот зарласан. Ингэхдээ эх орны төлөө гэсэн ганц ч санал тавиагүйгээр үл барам ердөө л “Хүүхдийн мөнгийг төсөв хэцүү байсан ч олго” гэдэг байр суурь баримтлах нь тэр. Тэд уг нь Монгол Улсын өнөөгийн төсөв ирээдүй үеийн нуруун дээр буух дааж давшгүй ачаа гэдгийг мэдэж байгаа. Төсөв хязгаарлагдмал байгаа үед хязгаарлах хэрэгтэй гэдгийг ч хэнээс ч илүү ойлгож буй. Гэвч ирэх сонгуульд хэлэх үгтэй, хийсэн үйлтэй байхын тулд ийн ирээдүй цагаар тоглоом хийхээр шийдсэн нь энэ.

Засгийн газарт багтсан хэрнээ, намынхаа амлалтыг биелүүлэх тэнхэлгүй гишүүдэд, тэр дундаа намын дарга Н.Алтанхуягтаа хариуцлага тооцох ёстой гэсэн Ардчилсан намын лидерүүдийн санаачилга тэднийг сэтгэл түгшихэд хүргэсэн гэж болно. Хамтарсан Засгийн газарт Тэргүүн Шадар сайдын үүрэг гүйцэтгэж буй хэрнээ “Хүүхдийн мөнгөний санхүүжилтыг төсвөөс зулгаах тэнхэлгүй байж болохгүй. Ийм хүн намд ч, гүйцэтгэх засаглалд ч байх хэрэггүй” гэдэг намын гишүүдийн байр суурь одоогийн хэм хэмжээнээсээ хатуурхлаа гэхэд хамтарсан Засгийн газрын хувь заяаг дуусгавар болгохоор байсан. Иймд зөвхөн Ардчилсан намын гишүүд ч бус МАХН-ын хаягтай сайдууд ч буулт хийхээс өөр аргагүй болсон юм. Энэ бол иргэдэд зүгээр нэг мөнгө өгөх тухай асуудал бус цэвэр улс төрийн эрх ашгаас үүдэлтэй, улстөрчдийн хонзогнолоос үүдсэн улс төрийн шийдвэр болж өгөв.

Нэг ёсны эл үйлдлээс нөгөө барууны соёл, баруун төвийн үзэл хийгээд капиталист нийгмийнхээ мөн чанарыг өөрсдийн гараар устгаж буй улстөрчдийн эрх ашиг хэрээс хэтрэх нь тэр. Засгийн газрыг бизнес эрхлэгч, үндэсний хөрөнгөтний манлай жишээ бологч нэгэн удирдаж буй гэсэн нь ч худлаа болж байна. Цаг хугацаа хийгээд сэтгэл хөдлөл, улс төрийн богино эрх ашигт тулгуурласан цаг үеийн шийдвэрүүд Засгийн газрыг урт наслуулна гэж итгэсэн гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ арга барил хэр хол явахыг мэдэхгүй. Гэсэн ч хөрөнгөтөн нь хөрөнгөтөн шиг байж чадахгүй, өөрийнхөө бүтээхийг хүсч байгаа нийгмээс эрх ашгийнхаа төлөө урвадаг Ерөнхий сайд, Ардчилсан нам нь чиг шугамаа сонгуулийн сонирхлоор нухчин дарахыг чухалчилдаг энэ үед хүүхдийн сэтгэл ч улс төрийн тоглоом болон дуусах нь ээ.

Нэг өдөр мөнгөтэй болно гэж итгэсэн, нөгөө өдөр нь мөнгө өгөхгүй гэхэд нь гунигласан багачууд улстөрчдийг хэт том хүнээр бодож байна. Тэдгээр том хүмүүсийнхээ дэглэсэн улс төрийн эмгэнэлт жүжгийн үзэгч нь бус, гол дүр нь болж буйгаа багачууд өөрсдөө ч мэдэхгүй гэгэлзэж суугаа.  Гол нь хүүхдээр тохуурхах замаар сонгуулийн амлалтаа биелүүлэх гарц хайж буй улстөрчдийн улайрал хэзээ зогсох бол. Зогсох цэг байхгүй тэдний луйвар 2012, 2016… улс төрийн ээлжит сонгуулийн гол сэдэв байсаар байвал энэ Монгол Улсад хүүхэд нас гэдэг хөөрхий улстөрчдийн тоглоом төдийхнөөр өнгөрсөөр байх биз ээ. Үе үеийн Засгийн газар нь хүүхдээр тоглож, хүссэнээрээ тонгочоод л…

Г.Отгонжаргал.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж