Э.Бат-Үүл: Ерөнхий сайд болохсон

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Ерөнхий сайд болохсон

Монгол Улсын баатар, УИХ-ын ги­шүүн Э.Бат-Үүлийг “Ярилцах танхим”-даа урилаа.

Э.Бат-Үүл: Ерөнхий сайд болохсон
-Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг ярьж буй энэ өдрүүдэд та чуулганы танхимд ч, хэвлэлийн хуудаснаа ч байр сууриа хурцаар илэр­хийлэх боллоо. Та энэ ор­дын ирээдүйг хэрхэн харж байна вэ. Тавантолгойг хулгайчаар ма­нуулах болчихлоо гэж үнэхээр бо­дож байна уу?
-Тавантолгойн ирээдүйн тухай маш их юм ярьж болно. Энэ бол монголчуудын амьдралд асар их өөрчлөлт авчрах том төсөл. Энд би өөрчлөлт гэдгийг зөвхөн эерэг утгаар нь хэлээгүй юм шүү. Хэрэв бид ухаалаг байж чадвал Тавантолгой хөгжил дэвшилд хүрэх их гарааны суурь болно. Би яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр яг одоо бид Тавантолгойн ашиглалтыг хэн хариуцаж явуулах вэ гэдэг асуудлаар маргаж байна. Нэг хэсэг нь Тавантолгойн төслийг төр хариуцаж ашиглалтын үйл ажиллагаа төрийн мэдэл, хяналтад байх ёстой гэж үзэж байгаа.  Миний хувьд, төр хэрэв авлигагүй тунгалаг байж чадсан бол төрийн хяналтад байхыг зөвшөөрмөөр л байна. Харамсалтай нь төр авлигад хэт автчихаад байгааг хэн хүнгүй мэддэг болж дээ.

Тиймээс би нэлээд хурц хэлээд байгаа юм. Ер нь авлигад автсан төр хулгайч шинжтэй байдаг. Ийм төрд Тавантолгойн төслийг хариуцуулбал байгалийн баялгийн хараал хүрнэ.

-Төр сайн менежмент хийж чаддаггүй. Төрийг төлөөлсөн компани байгуулчихаад түү­нийгээ захирч дийлэхгүй байгаа дүр зургийг хангалттай харж байна. Одоо дахиад ийм менежментээр Тавантолгойд хандах гээд байх шиг?
-Төр сайн менежмент хийж чадахгүй байгаа. Үүний наад захын жишээ  “Эрдэнэт”, “МИАТ”, “Багануур”-ыг бид харж болно.  Төрийн менежменттэй байсан улсын үйлдвэрийн газрууд үнэндээ тэндээс ашиг хонжоо олдог хэдхэн хүний л “саалийн үнээ” боллоо шүү дээ. Жишээ нь “Эрдэнэт”, “Багануур”  анх байгуулагдсанаасаа хойш технологио ч шинэчлээгүй байна. МИАТ-ийг тойрч юу эсийг ярьсан билээ. Тэгэхээр төр хэр сайн менежер байна вэ.

-Ноднин наад­мын өмнө иргэний хөдөл­гөөнийхөн “Оюутолгойн гэрээг байгуулах гэж битгий яараач” гэж гуйж, эсэргүүцэж байсан. Харин өнөөдөр гэрээ байгуулаад хагас жилийн нүүр үзэж буй Оюутолгойн талаар та ямар бодолтой байна вэ. Монголын улстөрчид зөв шийдвэр гаргаж чадсан уу?
-Оюутолгой Тавантолгойгоос ялгарах нэг том онцлогтой. “Айвенхоу Майнз” компани эрсдэлээ хариуцан хайж олоод нөөцийг нь тогтоосон. Хэрэв тэр орд олдоогүй бол тус компани хэдэн арван сая доллараар шатах байлаа. Бид тэр үед Оюутолгойг “Айвенхоу Майнз”-аас авчихсан бол олон улсын хэмжээнд Монгол Улс дээрэмчин, тонуулчин болж  харагдах байсан. Тавантолгойн хувьд улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Хайгуулын эрсдэл хүлээх эзэн Монголын төрөөс өөр хэн ч байхгүй. Монголчууд энд цэвэр өөрсдийн ашиг сонирхлыг тулгаж ярихад хэн ч ойлгоно. Ийм хоёр ялгааг дээрх хоёр ордын тухай ярихдаа сайтар ойлгож ярих хэрэгтэй. Тиймээс Оюутолгойн хувьд 51 хувь гэж дээрэмдэж болохгүй учраас 34 хувь дээр буусан. Уг төслийн ТУЗ-д Монголын төлөөлөгчдийг томиллоо. Энэ хүмүүс ард түмнийхээ эрх ашгийн төлөө яаж ажиллах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

-Та тэр хүмүүст итгэж байна уу?
-Итгэж байна. Ямар ч байсан ард түмнийхээ нүдэн дээр Оюутолгойн төслийн ТУЗ-д томилогдож очлоо. Эрхбиш монгол хүн байна даа, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллах байлгүй. Жишээ нь улсынхаа Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Н.Багабандид итгэхээс яах вэ. Уг төсөл яаж хэрэгжиж байна, хэзээ үр дүнгээ өгч эхлэх вэ гэдгийн тухайд тодорхой мэдээлэл өгөх цаг арай болоогүй байх. Учир нь Монголын талаас ТУЗ-д ажиллах хүмүүс л гэхэд саяхан томилогдлоо шүү дээ.

-Тавантолгойн төмөр замын асуудаар УИХ өнгөрсөн долоо хоногт нэгдсэн шийдвэрт хүрлээ. Аюулгүй байдал талаасаа хэр зөв шийдвэр гаргасан гэж та үзэж байна вэ?
-Аюулгүй байдлын талаар хангалттай ярьсан. Тиймээс нуршаад яах вэ. Харин би нэг л зүйлийг байнга сануулдаг. Тэр нь юу вэ гэхээр энэ төмөр зам дээр хэн хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал. Бид өөрсдөө төмөр замаа барина гээд Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн ордоос олж байгаа орлогоо дангаар нь төмөр замын хөрөнгө оруулалтад орууллаа гэж бодъё. Энэ бол асар эрсдэлтэй алхам. Хэрэв хамаг хөрөнгөө оруулаад төмөр зам барьтал тэр замаар нь ачаа, тээвэрлэлт хийхгүй бол бид хөрөнгөө түгжиж, шатна гэсэн үг. Тиймээс төмөр зам дээр бид дангаараа эрсдэл үүрч хэрхэвч болохгүй. Төмөр замыг бариулах гэж биднийг хошгируулж дэмжсэн  Солонгос, Япон, Хятад, Оросууд тэнд хөрөнгөө оруулах ёстой. Бид зөвхөн газраа ашиглуулна. Тэгж байж бид эрсдэлгүй гарна. Тэд хөрөнгө оруулж барьсан төмөр замаа ашигтай байлгахын тулд тэр төмөр замаар гарцаагүй тээвэр хийлгэж таарна. Мөнгөө түгжихийг хэн ч хүсэхгүй.

-Гэхдээ хэний ч хөрөнгөөр төмөр зам тавьсан Монгол төрийн өмч шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хэнийх нь ч хөрөнгөөр тавьсан тэр төмөр зам Монголын нутаг дээр байгаа. Тэр л бидэнд хангалттай. “Уучлаарай, болохгүй нь” гээд замаа аваад явбал тэдний л хэрэг шүү дээ. Бид нэг ч төгрөг гаргаагүй, газар нутгаа л ашиглуулсан. Тэгж яривал бид хамгийн үнэ цэнэтэй зүйлээ ашиглуулж байгаа.

-Таны дэвшүүлсэн “Ард түмний корпораци байгуулна” гэсэн санал анхаарал татаж байна?
-Дээр хэлснээр авлигад автсан төрд итгэх арга алга. Өнгөрсөн хугацаанд төр улсын үйлдвэрийн газруудад маш муу менежмент хийсэн хангалттай жишээ бий. Монголын компаниуд нийлж консорциум байгуулаад Тавантолгойг ашиглаж болно гэж байна. Тэгвэл яагаад мөнгөтэй хүмүүст тийм эрх байгаад мөнгөгүй иргэд хоосон хоцрох ёстой юм бэ. Тэдний яриад байгаагаас харахад “Тавантолгойг үндэсний хөрөнгөтнүүддээ өгчихөөч. Бид уурхайд олборлолт хийгээд ард түмэндээ ашигтай байлгая. Хувьцааг нь олон улсын бирж дээр гаргая” гэж  байгаа. Гэтэл энэ ярианы цаана нэг шударга бус юм нуугдаад байгааг ард түмэн ойлгохгүй байна. “Нээрээ үндэсний хөрөнгөтнүүддээ өгчихвөл яасан юм бэ” гэж ярьж байгаа хүмүүс ч олон тааралдлаа. Энд юу нуугдаж байна вэ гэхээр хэрэв бид үндэсний хөрөнгөтнүүдээ консорциум болгоод, Тавантолгойн төслийг хариуцуулах юм бол тэд хувьцаат компани болгож, хөрөнгөө олохын тулд Шанхайн ч юм уу, Нью-Йоркийн бирж дээр хувьцаагаа зарна. Гэхдээ зарсан хувьцааныхаа нэг хэсгийг нь өөрсдөө халааслаад нэг хэсгээр нь л хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж бэлэн болсон ордыг нэг хэсэг хүмүүс хөрөнгөөрөө түрий барьж хувьдаа халааслах боломж эрж байна. Тэгвэл бид яагаад адилхан борлуулж, халаасалж, хөрөнгө оруулж болдоггүй юм бэ. Хөрөнгө чинээтэй болохоор тэдэнд онцгой эрх үүсч байгаа юм уу. Тиймээс бүх ард түмэн тэгш эрхтэйгээр эзэмших ёстой л гэж би хэлээд байгаа юм.

-Ард түмний корпорацийг яаж байгуулах, хувь эзэмшүүлэх арга механизм нь ямар байх юм бэ. Өнөөх цэнхэр, ягаан тасалбар шиг хувьцаа тараах уу?
-Миний санаачилгын эсрэг цэнхэр, ягаан тасалбарын түүхийг  ашиглаж байгаа. Энэ үг яриа хаанаас гарч байгааг би гадарлаж байна.  Үнэндээ цэнхэр, ягаан тасалбарыг тарааж байх үедээ тэр тасалбараар дамжаад олон нийтийн өмч болчихсон тэр компанийн менежментийг яаж хийхээ бид хуульчилж өгөөгүй. Түүн дээр алдсан. Тавантолгойг бол тэгэхгүй. Ард түмний мэдэлд өгөхдөө л тус корпорацийн захирал, ТУЗ-ийг ямар хугацаа, болзол, шалгууртайгаар томилох вэ гэдгийг хуульчилж болно. Ингээд ард түмнээс сонгогдсон Ард түмний корпорацийн захирал, ТУЗ, хөлслөгдөж ирсэн гадныхантай бидний өмнөөс ярилцах юм. Төр  УИХ биш, ард түмнээс эрхээ авсан тэр хүмүүс оператор буюу гүйцэтгэгч компанийнхантай ярилцах ёстой. Дэлхийд нэр хүндтэй компаниудыг оператор компаниа болгочихвол ард түмний мэдэлд байгаа хувь аяндаа үнэ цэнэтэй  болно. Гадны оператор компаниуд яг үнэндээ Монголын төртэй ярихаасаа ихээхэн жийрхэж байгаа. Авлига нэхнэ, дарамтална, улстөрчид нь маш түвэгтэй гэдгийг мэдэж байгаа учраас. Төрөөс хараат бус, ард түмний өмнө үүрэг хүлээсэн удирдлагын багтай тэд ярих дуртай.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр социализм, капитализмын талаар Н.Ганбямба гишүүнтэй маргаж мэтгэлцсэн. Та одоо энэ сэдвээр эргээд яриач?
-Социализм бол 1990-ээд оноос өмнө Монголд байсан зүйл. Эдийн засаг талаас нь яривал хүн хувийн өмчтэй байж болохгүй. Баяжих, бизнес хийх эрхгүй. Жишээ нь тэр үед барааны саван олдохгүй эрэлд хатаж байхад нь нэг иргэн барааны саван хийгээд зарсныхаа төлөө гурван жил шоронд сууж байсан гээд бод доо. Энэ бол социализм. Бусад талаас нь яривал та нарын ухаан санаанд ч багтахааргүй зүйлийг ярьж болно. Үсээ ургуулж болохгүй, моодорхож хувцаслаж болохгүй. Социализмын үед хүнд ямар ч эрх байгаагүй. Капитализм гэж ярьдаг. Энэ бол цэвэр ардчилсан нийгмийн эдийн засгийн талыг нь илэрхийлсэн явцуу утгатай үг л дээ. Капиталыг эргэлтэд оруулж чаддаг тэр хүмүүсийг л капиталист гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэний ардчилсан нийгмийг зөвхөн эдийн засаг талаас нь харсан тодорхойлолт юм. Тиймээс бидний одоо байгуулах гээд байгаа нийгмийг иргэний ардчилсан нийгэм л гэж ойлгох хэрэгтэй.

-Яагаад энэ тухай чуулган дээр ярих болсон юм бэ?
-Н.Ганбямба гишүүн “Өнгөрсөн 20 жилийн ардчилал бол ялт хэрэг” гээд хэлчихсэн юм. Би үүнд үнэхээр их эмзэглэж байгаа. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн 20 жилийг ялт хэрэг байсан гэж үзвэл Монголын түүхэнд үүнээс гоё үе хэзээ ч байгаагүй юм шүү. Нэгэн үе Манжийн дарлалд, бас нэгэн үе социализм байгуулах нэрээр Оросын дарангуйлалд байсан. Өнгөрсөн 20 жилд л монголчууд хувь заяагаа өөрсдөө мэдэж амьдарсан. Чингисийн үеэс хойшхи хамгийн бахархалтай гоё үе нь энэ шүү дээ.

-Зөвхөн Н.Ганбямба гишүүн гэлтгүй өнөөдрийн парламентад өнгөрсөн үеэ эргэн санагалздаг хүн нэг бус байдаг шүү дээ. Яагаад ингэх болов, ямар алдаа гарсан болоод тэр вэ?
-Н.Ганбямба гишүүн бид хоёрын санаа нийлдэг нэг зүйл байдаг юм. Тэр нь юу вэ гэхээр ардчилсан төр мөн чанараа алдаж “Олигархижсан төр” болчихоод байна гэдэг дээр санал нийлдэг. Өнөөдөр нийгмийн харилцаанд мөнгө бол бурхны үүргийг гүйцэтгэж байна. Өөрсдийгөө үндэсний хөрөнгөтөн гэж ярьдаг тэр хүмүүс соёлоор дорой, “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг л харамсмаар байгаа.  Тэдний байж байгаа төрх дундад зууны феодалуудыг санагдуулдаг.  Яг үнэндээ Билл Гейтс, Стив Жобс нар шиг соёлжсон, иргэншсэн хөрөнгөтнүүд биш шүү дээ. Энэ хөрөнгөтнүүд нийгмийн мөн чанарыг гутааж байна. Бүгдийг мөнгөөр шийддэг гэж аархаж сагсуурч солиорч байгаа нь урам хугалаад зогсохгүй ой гутам санагддаг. Монголын өнчин хүүхдүүдэд Америк, Германы бизнесмэнүүд ирж тусалж байна. Манай хөрөнгөтнүүдээс тийм сэтгэл гардаггүй. Тэгсэн мөртлөө гурван сая доллараар зураг худалдаж аваад байдаг. Яагаад барууны иргэншсэн хөрөнгөтнүүдээс суралцаж болдоггүй юм бэ. Мөнгөтэй хүмүүсийг дуурайх гээд байгаа бол жаахан олигтойг нь дуурай л даа. Оросын олигархийн нэг мангар юмыг дуурайгаад байх юм. Сүүлийн үед энэ зэрлэг капиталистууд төрийн эрх мэдлийг гартаа оруулах гэж улайрах боллоо. Ингээд 1990-ээд оны цог золбоо, хөөр баярыг минь унтрааж, урам хугалж байна.

-1990-ээд оны үед тантай ардчиллын төлөө мөр зэрэгцэж явсан нэг нөхөр таныг “Ардчилсан намын ч хүн биш. Одоо бол олигархи болсон” гэж  хэвлэлд ярьсан байсан?
-“Малыш” Б.Энхтүвшин гэж аль социализмын үед л Дотоод яамны бууны нохой байсан.Энэ өрөвдөм хүний үгээр үг хийгээд яах вэ дээ. Байдаг л нэг адал балмад хүн шүү дээ. Түүний үгийг хүн тоох ч үгүй биз дээ.

-Гэхдээ та 20 жил төрд зүтгэснийх тэр хөрөнгөтнүүдийн дайтай болох боломжтой байсан. Та олигархи мөн үү?
-Харамсалтай нь энэ олигархи гэдэг гадаад үгийн учрыг ойлгохгүйгээр дураараа хэрэглэдэг. Олигархи гэдэг бол төрийн эрх мэдлээр, өөрөөр хэлбэл, гарын үсэг зурах эрх мэдлээ ашиглаж хөрөнгөжсөн хүмүүсийг хэлдэг. Миний аз болоход хэзээ ч тийм хөгийн юм хийж яваагүй. Хүн бүхэн баяжих сонирхолтой байдаггүй. Зарим нь эрвээхий цуглуулах, шинжлэх ухааны нээлт хийх, хөгжим тоглох дуртай. Түүнээсээ таашаал авдаг. Бүр зарим нэг нь хорд хавдрын нууцыг олох гэж хамаг амьдралаа зориулдаг байх жишээтэй. Тэдэнд баяжих сонирхол байдаггүй ч муухай амьдардаггүй. Хүн төрөлхтний дунд хийсэн судалгаагаар яг үнэндээ баяжих л сонирхолтой хүн маш цөөн байдгийг тогтоосон байдаг. Манай нийгэмд дуртай ажлаа хийгээд явах гэтэл ар талын амьдрал нь хангалттай, санаа зовохооргүй байх нөхцөл бүрдээгүй нь хүмүүсийг шаналгаж байгаа юм. Аргагүй шүү дээ. Гэр хороололд амьдардаг эрдэмтэн сайхан нээлт хиймээр байдаг. Гэтэл хүүхэд нь даарч, өлсч байгаа бол яаж нээлтээ хийх гээд сууж байх вэ дээ.

-Та гарын үсэг зурах эрх мэдэлд хүрч болохоор л байсан шүү дээ. Яагаад одоо болтол сайдын суудлаас хол байгаа юм бэ?
-Хүмүүс намайг сайн мэддэггүй болохоос би тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд болохыг хүсч байгаагаа олон нийтэд илэн далангүй хэлж л байсан. Ерөнхий сайд болмоор байна ч гэж хэлж байсан. Гэхдээ би тэр албан тушаалд очихдоо тухайн албан тушаалыг ерөөсөө сонирхож байгаагүй. Албан тушаалаар хийх ажлыг л чухалчилж байсан. Жишээ нь би одоо Ерөнхий  сайд болох юмсан гэж улам бүр боддог болсон.

-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл, маш олон асуудлыг шийдэж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  би нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн олон асуудлыг шийдэх санаачилга гаргаж байсан. Тэр санаачилга бүгд л онож байсан. Манай иргэдийн амьдрал өнөөдөр өнгөтэй, өөдтэй явахад миний гаргаж байсан санаачилгууд үндэс суурь нь болж байсан. Наад зах нь гадаадад чөлөөтэй зорчих, орон сууцыг үнэгүй хувьчлах, малыг малчдад өгөх гэхчлэн зөвхөн миний биш, бидний санаачилсан шийдлүүд зөв байсныг харж байна. Цаашид ч зөв зүйл хийж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд болох хүсэлд тань ямар чөдөр тушаа байв. Боломжийг чинь хаагаад байсан юм уу?
-Намууд боловсон хүчнийг сонгохдоо фракциудын хүчний харьцаагаар хувааж томилдог хачин жишиг  улс төрд тогтсон. Очих гэж байгаа сайдыг юу хийх гэж байгааг нь сонирхохоосоо илүү нөлөө бүхий фракцийн л хүн байвал тэнэг мангар ч байсан хамаагүй болчихоод байна. Ийм журамгүй байдлаас болж бид мэтийнх нь албан тушаалд очих үүд хаагдсан.

-Зүүн  хойд Азийн ний­гэмлэгийг фракци гэж ойлгох нь бий. Энэ фракциас Лу.Болдоос өөр сайд төрж байсан уу. Та энэ фракцийнх учраас сайд болохгүй байна гэж ойлгож болох уу?
-Зүүн хойд Азийн нийгэмлэгийг хэвлэлээр фракци гэж бичсээр байгаад фракци гэж ойлгогддог болсон. Уг нь 1990 онд анх ардчилсан хувьсгалыг манлайлж явсан бүлэг хүмүүсийн “Зүүн хойд Азийн хөгжлийн асуудлыг тодорхойлоход оролцъё” гэсэн үзэл бодлын нэгдэл юм. Монголын хөгжлийг бүс нутгийн хөгжлөөс нь салангид авч үзэх боломжгүй учраас ийм нийгэмлэг байгуулсан. Лу.Болд ч үүний нэг лидер, оюутан залуучуудын удирдагч нь байлаа. “Голомт”-ын Г.Баясгалан, “Бодь”-ийн М.Зоригт, Да.Ганболд, Баабар, Сэргэн мандлын намын Ц.Гэрэлчулуун нарыг нэрлэж болно. Фракци болгож ойлгодог нь “доош нь хийж” байгаа юм байлгүй дээ.

-Та тэгээд АН-ын аль фракцийнх юм бэ?
-Би чинь үндсэндээ МоАХ-ны фракцийнх. Да.Ганболд Мүдняк, Баабар  Соцдекийнх.

-Та Ардчилсан хүчний холбоог дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Одоо энэ байр суурь тань хэвээрээ юү. Яагаад эсэргүүцдэг юм бэ?
-Эхнээсээ л дэмжээгүй. Цаашид ч дэмжихгүй. “Алтан гадас”, түүнд дөрөөлсөн Ардчилсан хүчний холбоо гээд нөгөө л намын төлөвшлийг уяж байдаг фракциудыг  зохион байгуулаад байна шүү дээ. Тэд явж явж эрх мэдлийн төлөө л “тулалддаг” юм.

-Тэд намаа хагалан бутаргах гээгүй гэхчлэн олон гоё тайлбар хийсэн. Та хуучны хүний хувьд хууртахгүй гэж байгаа юм биз дээ?
-Юу гэж хууртах вэ. Албан тушаал горьдогчдын фракцийг би хэзээ ч сонирхож байгаагүй.

-Хэрэв  та Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан бол юу хийх байсан бэ?
-Уг нь би өөрөө хэрэглэх дургүй ч бидэнд дэг журам дутагдаад байгааг онцолж хэлмээр байна. Үүнийг юуны өмнө тогтоох байсан. Энэ бол маш чухал ойлголт. Жишээ нь нэг найз маань ярьж байна. Японы хөрөнгө оруулагч  ирээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тохирсон байлаа. Гэтэл ирсэн оройдоо уулзаад ажлаа ярих болтол “Би хөрөнгө оруулахаа болилоо” гэж. “Яав, хөрөнгө оруулах л гэж ирээ биз дээ” гэтэл нөгөө япон нь “Уг нь тийм. Гэхдээ би танай гудамжаар явж үзлээ. Танай замын хөдөлгөөнийг харлаа. Тиймээс танай улсад тоглоомын дүрэм байхгүй юм байна гэж ойлголоо. Хэн ч хажуунаас дайрч мэдэх юм байна. Юу ч хийж мэдэх юм байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулах нь тэнэг хэрэг” гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэн. Өнөөдөр дэлхийн аль ч оронд хуулийн засаглал байгаа эсэхийг илтгэдэг зүйл нь замын хөдөлгөөн.  Судалгаанаас харахад “Замын хөдөлгөөний дүрэм сайн хэрэгждэг улс орон өндөр хөгжилтэй байдаг” гэсэн сонирхолтой дүгнэлт байдаг юм билээ.

-Тоглоомын дүрэм буюу хуулийг нь та бүхэн баталж байгаа шүү дээ?
-Тийм. Гэтэл хуулийг сахиулах ёстой. Өнөөдөр манайд хуулиар биш албан тушаал, мөнгө хоёроор л засаглаж байна. Албан тушаал нь мөнгөө олох, мөнгө нь албан тушаалаа олох гэсэн ийм бүдүүлэг тоглоомын дүрэм үйлчилж байна.

-Таны хүсэл эрмэлзлээс үүдээд Засгийн газар өнөөдөр хангалттай ажиллаж чадаж байна уу гэсэн асуулт төрж байна. Магадгүй, хангалтгүй ажиллаж байгаа учраас танд “Би чадна” гэсэн итгэл төрсөн байж болох юм?
-Хүмүүс санаж байгаа бол би 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл, хамтарсан Засгийн газар хяналтгүй төрийг бий болгодог. Дэлхий даяар сонгуульд олонхи болсон нь  Засгийн эрх барьж, цөөнх нь хяналтын үүргээ гүйцэтгэдэг. Ийм төр ард түмний сэтгэл, ардчиллын зарчимд нийцдэг. Бид түүнээс өөрөөр явлаа. Гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зарим шаардлага байгаа юм. Түүнээс болоод л би дуугаа хураасан.

-Тэр нь юу вэ?
-Оюутолгой, Тавантолгой зэ­­рэг стратегийн ач хол­бог­дол­­той томоохон ордуудыг улстөржилгүйгээр урагшлуулах шаардлага байсан. Үүний үр дүн ч гарлаа. Оюутолгой, Тавантолгойн орд, төмөр зам, орон сууцжуулах  зэрэг томоохон төслүүд шийдэлд хүрч байгаа нь хамтарсан Засгийн газар байгуулсныг зөвтгөх том шалтгаан гэж хэлж болно.

-Иргэн бүрт эхний ээлжинд 120 мянган төгрөг өгч байна. Энэ мөнгө 500 мянгад хүрнэ. Энэ шийдвэр зөв үү?
-Хоёрдмол утгатай. Хэрэв энэ мөнгийг аваад хамтарч хөрөнгө оруулалт хийвэл маш сайн зүйл. Энэ тохиолдолд 500 мянган төгрөгийг өгөх нь төрөөс иргэддээ бодит эдийн засгийг өөрсдөө бий болгох эрх өгч байгаатай адил. Би халаглаад байдаг юм. Хятадуудад ингэж 500 мянган төгрөг өгсөн бол бүгдийг нь хөрөнгө оруулалт болгоно. Зуун хүн 500 мянган төгрөгөө нийлүүлэхэд тавин сая төгрөг. Мөхөөлдөсний хоёр жижиг үйлдвэр байгуулж болохоор байгаа биз. Үүгээрээ ач холбогдолтой. Манай Сэлэнгэ аймгийнхан уриалж, хөрөнгө оруулалтад зориулна гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс би “Хэрэв нийлж хөрөнгө оруулалт хийх бол 500 мянгыг бөөнөөр нь өгье” гэсэн санаачилга гаргасан.  Харамсалтай нь 70 мянган төгрөгөө авсан хүмүүс гурил, будаа, Эрээний хямд бараа авч, архи уугаад өнгөрч байгааг хараад гол харлах юм. Энэ 500 мянган төгрөгийг аваад бодит хөрөнгө оруулалт болгож чадахгүй бол монголчууд ерөөсөө эдийн засгаа өөрсдөө босгож чадахгүй юм байна гэдгийг л харуулна.

-Үүнтэй  давхцуулаад хүүх­дийн мөнгийг бас олгохоор боллоо?
-УИХ дахь АН-ын бүлгээс үүнийг хатуу шаардсан. Хүүхдийн мөнгө бол зөвхөн халамжийн арга хэмжээ биш. Аргаа барсан хүмүүсийг халамжлах гэж ч өгсөн зүйл биш. Хүүхдийн мөнгө гэдэг бол хүн ам зүйн бодлоготой холбоотой. Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээр төрөлт ихэссэн. Төрөлт бидэнд юугаараа хэрэгтэй вэ гэхээр бид цөөхүүлээ. Цөөхүүлээ байгаа нь бидний хөгжил дэвшилд маш том чөдөр тушаа болж байна. Арван сая хүн амтай бол арай өөр зүйл ярьж болж байна. Тиймээс бид наадах чинь халамжийн мөнгө биш ээ, “Монголын үрс олон болтугай” гэж өгсөн мөнгө юм гэдгийг тайлбарлаж ойлгуулсан.

-Та “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчид баярлалаа” гэсэн гарчигтай нийтлэл бичжээ. Аливаа урагштай яваа ажилд автор болох гэдэг өрсөлдөөнийг эвтэйхэн ёгтолж бичсэн байсан?
-Амжилтын үр шимийг булаалдаж, ялагдлыг бусад руу түлхдэг нь хүний жам ёсны л нэг араншин. Нэр хүнд олж авах өрсөлдөөн улстөрчдийн хувьд хэрээс хэтэрсэн л дээ. Үнэн хэрэгтээ хэн санаачилсан нь биш ажлын үр дүн л чухал. Тавантолгойн хишгийг бүх ард түмэнд хүртээхийг Н.Энхбаяр санаачилсан бол сайн л байна. Уг нь Ардчилсан нам УИХ-ын 2008 оны  сонгуулиар гаргаж ирсэн юм л даа. Гэхдээ АН санаачилсан гэж огт бичээгүй, хэлээгүй. Ажил хэрэг л чухал гэдэг үүднээс түүнийг бичсэн.

-Тэгвэл “Х.Баттулга дутуу бодож байна”, “Н.Ганбямбын ирээдүй” гэхчлэн нэр цохож бичдэгийн цаана нэг нууц байна уу. Нийтлэл, найрууллын тань гол баатрууд танд хариу реакци үзүүлдэг үү?
-Жишээ нь   Х.Баттулга   “Зөв зүйтэй мэтгэлцээн боллоо” гэж хэлсэн. Н.Ганбямба гишүүн “Ардчилсан төр олигархижсан байдлын талаар чи бид хоёр адилхан саналтай байдаг шүү дээ” гэж хэлсэн. Хэн нэгний нэр зааж бичдэг маань хэлэх гэсэн санаандаа олон нийтийн анхаарлыг төвлөрүүлдэг нэг арга л даа. Х.Баттулга гэсэн нэр заасан нийтлэлд Х.Баттулгын тухай бичээд байдаггүй. Гэр хорооллыг орон сууцжуулах тухай л байх жишээтэй. Гэр хорооллыг орон сууцжуулъя гэвэл хүн анхаарч уншихгүй. “Х.Баттулга дутуу бодож  байна” гээд гарчиг тавьчихаар сонирхож унших жишээтэй. “Н.Ганбямбын ирээдүй”-г бичихдээ 1990 оны ардчилсан хувьсгалын түүхэн гавьяаг л бичсэн. Тэгж гарчиглаад бичвэл бас хүн уншихгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л миний арга барил.

-Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос баатар цол авс­ны­хаа да­раа та сайн, муугаар их хэлүүлсэн. Харин одоо түүний хийж буй ажлуудад хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
-Ц.Элбэгдорж сонгуулиар шүүх засаглалыг шударга болгоно гэж амласан. Түүндээ хүрэхийн төлөө зүтгэж байна. Хуулиар олгосон эрхийн хүрээнд бүх бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Таны хэлсэнчлэн бид хоёр яах аргагүй анд нөхөд. С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гурав 1990 онд буудуулбал хамт л буудуулах бай­сан. Буудах ч гэж сүржигнээд яах вэ. Барьж хорих, дарах гэж бэлтгэж байсан явдал ч бий. Гэхдээ бид хоёрт санал зөрөлдөх зүйл бишгүй байдаг.

-Жишээ нь?
-Жишээ нь би хувьсгал хийх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл Элбэгээ “Манай нийгэм хийх ёстой хувьсгалаа хийчихсэн. Ямар гээч ач холбогдолгүй зүйл яриад байгаа юм бэ” гээд УИХ-ын чуулган дээр ил тод шүүмжилсэн. Би “Тийм биш ээ. Наад ардчилсан төр чинь олигархижсан төр болчихоод байна. Энэ тогтолцоог өөрчлөхөд хувьсгал хийх зайлшгүй хэрэгтэй” гэж хэлсэн.

-Та одоо ч хувьсгал хийх бодолтой хэвээрээ байгаа юм уу. Таныг дэмжих хүч хаана байна?
-Хэвээрээ байлгүй яах вэ. Гэхдээ би одоо нийгмийн хариуцлагаа ойлгож, босч тэмцэх үйл ажиллагаанд манай иргэд дэмжлэг үзүүлэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Ер нь хүмүүст юм бүхэн хүртээлгүй, хамааралгүй, ерөөсөө л идэвхгүй, гөлрөнгө байдалтай болчихож. Уур нь хүрвэл телевизийн шууд нэвтрүүлэг рүү утастаж, эсвэл интернэтэд сэтгэгдэл бичиж уураа гаргаад л боллоо. Тиймээс үзэл бодол, үг яриа, сэтгэлгээний хувьсгал хийх нь дээр гэж үзээд бичиж, яриад л байна.

-Долдугаар сарын 1-ний үймээн гэж нэрлэдэг тэр явдлаас хойш хоёр жил өнгөрлөө.  Таны төрсөн өдөр мөн энэ өдөр тохиодог нь эвгүй санагддаг уу?
-Уг нь би төрсөн өдрөө тэм­дэг­лэх гээд л Зүүнбүрэнд байж бай­гаад давхиж ирсэн. Тэгэхэд би одоогийн энэ Киргиз шиг болох вий л гэж их санаа зовж байсан. Бид уур хилэнтэй байж болно. Хүчирхийлэл рүү явж хэрхэвч болохгүй. Хүчирхийлэлгүйгээр  хувьсгал хийж болдог. 1990 оны ардчилсан хувьсгал үүнийг харуулсан шүү дээ. Хүч хэрэглэж хийсэн хувьсгал юу болдгийн жишээг Киргизээс хангалттай харж байна. Тэнд төр нь устчихлаа, энэ орон цаашид оршин тогтнох уу, үгүй юү гэдгээ ярьж байна шүү дээ. Бид хүч хэрэглээд хоорондоо мөргөлдвөл Монгол Улс түүхэндээ туулах ёстой гайныхаа хамгийн аймшигтай үеийг даван туулах болно. Цаашид оршин тогтнох ч аргагүй болно. Аягүй бол дотоодынхоо мөргөлдөөнийг ирж зохицуулж өгөөч гэж оросуудаас эсвэл хятадуудаас гуйхад хүрнэ.

-Долдугаар сарын 1-ний тэр өдөр та Ц.Нямдорж сайдтай утсаар ярьсан юм уу. Чуулганыг хаалттай хуралдуулъя гэсэн бодлоо та түүнд  хэлсэн үү?
-Хөдөөнөөс шууд ирээд л чуулганы хуралдаанд орсон. Хуралдаанд орох гэж явахдаа Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нартай тааралдсан. Одоо яанаа гэж ярилцаад л хуралдааны танхим руу орсон. Гэхдээ би юу хийх гэж байгаагаа хэнд ч хэлээгүй. Чуулган дээр гэнэт саналаа гаргахад шууд дэмжсэн. Тэгээгүй бол бид Киргиз шиг болох байсан шүү. Хүмүүс ч мартчих юм даа. Намайг тэр чуулганыг хаалттай явуулах санал гаргасны дараа олон хүн баяр хүргэсэн. Хэрэв нээлттэй хуралдсан бол УИХ доторхи дажин гудамжинд гарах байсан. Учир нь тэнд сонгуульд ялагдаад хорссон баахан гишүүн байсан. Тэд шууд мөргөлдөөнд уриалах гээд байсан. Хаалттай хуралдах болонгуут ард түмнийг мөргөлдөөнд дуудаж, жүжиглэх тайзгүй болсон.

-Тэгээд хаалттай чуулганаар юу ярьсныг одоо хэлж болох уу?
-Хаалттай болонгуут ажил хэргийн асуудлаа л яриад дэгийн дагуу хуралдсан.

-Тэгвэл онц байдал зарлах үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт та мессеж бичсэн гэдэг үнэн үү?
-Хүн бүртэй л холбогдох гэж оролдож байсан. Тэгэхээр мессеж бичсэн байж магадгүй л юм. Гэхдээ би хөдөө байхдаа л телевизээр мэдэгдэл явуулсан. Ингэж болохгүй, нийтийг хамарсан мөргөлдөөн, аюул болно шүү гэж. Нэг л мөргөлдөөнд ороод хүч хэрэглэж хүний амь нас эрсдвэл тэр үндэстэн хожим нь эвлэрч чадахаа больдог. Хамгийн гол аюул нь тэр. Хүнээ алдсан тал нь хорсч, эсрэг талаа хэзээ ч уучилдаггүй. Тэр нийгэм нь мөргөлдөгч талуудынхаа золиос болдог. Зөвшилцөх, буулт хийх ухаанаа нэгмөсөн алддаг. Гүнзгийрвэл мөргөлдөөн болоод л дуусдаг.

-Сонгуулиас   үүдсэн   энэ үймээн давтагдахгүй гэх магадлал тун бага байна. Тэгэхээр УИХ-ын 2012 оны сонгуулийн хуулийг ямар хуулиар, ямар өөрчлөлттэйгээр явуулбал болох вэ?
-Хэрэв 2012 оны сонгууль луйвартай болбол манай нийгэм зайлшгүй мөргөлдөөнд орно. Байгалийн баялгаас болоод төрийн эрх мэдлийн үнэ цэнэ асар их нэмэгдэж байна. Төрийн эрх мэдлийг хэн гартаа авсан нь байгалийн баялгийг хянах эрхтэй болчихоод байна шүү дээ. Тэгэхээр улс төр тэрхүү үнэ цэнэтэй эрх мэдлийн төлөө хайр найргүй зүтгэх нь тодорхой. Сонгууль булхайтай  болбол “Долдугаар сарын 1” давтагдана. Давтагдахдаа хэн ч зогсоож чадахгүйгээр, Киргиз шиг болтлоо давтагдах байх. Би үүнд л санаа зовж байна. Сонгууль ямар тогтолцоогоор явах нь хамаагүй. Санал тоолох үйл ажиллагаа л шударга болох хэрэгтэй. Хэн ч  ялж, ялагдсан сонгуулийн үр дүнд л эргэлздэггүй болох нь чухал. Яагаад ялагдаж болохгүй гэж. Гол нь луйвардуулдаггүй л байх ёстой. Саяхан зарим гишүүн АНУ-д очихдоо санал тоолдог машиныг нь үзсэн байна. Булхай гарах аргагүй юм билээ гэж ярьцгааж байсан. Түүнийг нь хөрөнгө хайрлахгүй авъя.

У.ОРГИЛМАА
ЗОХИОГЧИЙН ЭРХ: УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж