УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гэр хорооллыг барилгажуулах, тэр дундаа иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.долларын зээл авахаар төлөвлөсөн байна. Эл ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцаж ажиллана.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Маш том зорилтуудыг зээлийн хэлэлцээрт тусгаж. Тухайлбал, 2028 он болоход ядуурал эрс буурна гэж.. Үүгээр Улаанбаатар хотод 2028 онд ядуу иргэн байхгүй болох нь. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 хувиар буурах нь. Үнэхээр ийм амжилтад хүрч чадах уу. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 200-300 сая ам.доллар зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Дээр нь энэ зээлдээ багтааж гэр хороололд амьдарч байгаа иргэдийг орон сууцтай болгох санхүүгийн эх үүсвэрийг шийднэ гэж үзэж байна уу. Мөн айл өрхийн хашаанд дэд бүтэц хүргэхэд зээлээс зарцуулах уу. Нийт хэчнээн өрхийг үүнд хамруулах боломжтой вэ. 224 сая ам.долларын зээлийг авснаар энэ онд өрийг ДНБ-ний 40 хувьд барих босго давахгүй байх боломжтой юу. Сая бид 2014 оны төсвийн тодотголыг батлах үеэрээ улсын өрийн хэмжээг энэ онд ДНБ-ний 40 хувьд барихаар зааж өгсөн. Энэ бүхэнд тодорхой хариулт өгөөч” гэв.
Эл асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хариулт өгөв. Тэрээр “Баянхошуу, Сэлбэ гээд утааны эх үүсвэр болсон мужуудаас төслийг хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Нэг л зарчим бий, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн гол арга нь гэр хороололд дулаан, дэд бүтцийн үйлчилгээг хүргэх өгөх явдал юм. Нийт 400 мянган хүн амыг хамруулна гэж тооцоолсон. Хөтөлбөр дуусахад нийт 22 мянган ажлын байр бий болсон байна. Үр дүн яагаад ийм сайн байна вэ гэхээр дэд бүтэц сайжрахаар аяндаа хувийн хөрөнгө оруулалт ороод ирнэ. Мөн иргэдэд орон сууцаа сайжруулахад нь зориулж 8000-21000 ам.доллартай тэнцэх орон сууцны зээл олгоно. Бичил зээл эрхлэхэд нь зориулж 6-10 сая ам.доллартай тэнцэх зээл олгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж мөн 500 мянгаас 14 сая хүртэл төгрөгийн зээл олгогдоно гэсэн тооцоололтой явж байна. Зээлийг үе шаттай авч таарна” гэлээ.
Тэгвэл 224 сая ам.долларын зээл авснаар улсын өрийн босго ДНБ-ний 40 хувьдаа багтаж чадах уу гэх асуултад холбогдох албаны хүн “Чадахгүй” гэх хариулт өгсөн юм.
Гэхдээ чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн хувьд “УИХ хуулиа зөрчөөд эс хүссэн ч зээлийн хэлэлцээрийг баталж нийслэлийг агаарын бохирдлоос салгах эх үүсвэрийг бий болгох шаардлага байна. Гол нь хүссэн үр дүнг авчрах нь чухал байна” гэдгийг хэлж буй юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Их зовлонтой байна, иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг бодохоор зээлийн хэлэлцээрийг дэмжмээр байдаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа бодохоор дэмжих бололцоогүй болчихдог. Хотын дарга та юу гэж бодож байна” гэлээ.
Үүнд хотын дарга Э.Бат-Үүл “Үнэхээр тийм зовлон байна. Гэхдээ эцсийн дүндээ иргэдийнхээ эрүүл мэндийг бодохоос арга алга байна” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ