Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа

Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиудын өөрчлөлтийг баталлаа

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.05.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулав. Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн тул Төсвийн байнгын хороо үдийн завсарлагаар хуралдаж төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн байна.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 38 нь буюу 66.7 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдлаа.

Дараа нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулсан юм.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус байнгын хороо хуулийн төслүүдийг гурав хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгалаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 19,960.8 сая төгрөгөөр, нийт зарлага 18,543.7 сая төгрөгөөр өөрчлөгдөж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,417.1 сая төгрөгөөр сайжирсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,903.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,312.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгааг байнгын хорооны танилцуулгад дурджээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл, Д.Оюунхорол нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулснаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.

Ингээд төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болов. Хуулийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь дэмжлээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтуудаар санал хураалт явуулж, хуулийг бүхэлд нь баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж