Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөл, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо хамтран өнөөдөр /05.23/ “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа ба зах зээлд оролцогчид” сэдэвт хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ҮХААЯ, зах зээлд оролцогчдын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг бүрэлдэхүүндээ багтаадаг хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, татвар, гаалийн байгууллага, банкны төлөөлөл, Хөдөө аж ахуйн бирж, брокерын компанийн ажилтнууд оролцсон байна.
Энэ үеэр ХАА-н талаар төрөөс баримталж буй бодлого, зах зээлд оролцогч ба зохицуулалт, ХАА-н биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагааны зохицуулалт зэрэг илтгэл, танилцуулгыг хийжээ. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээлэл, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатын танилцуулж, санал бодол солилцсон байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид ХАА-н бирж үүсэн байгуулагдаж зарим бараа, түүхий эдийг арилжих болсноор түүхий эдийн зах зээлийн бодит үнэ тогтож үнэ ил тод болох, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тоо хэмжээг зөв илэрхийлэх, энэ салбарын хүрээнд далд эдийн засаг дахь мөнгөний урсгалыг төлбөр, тооцооны системээр дамжуулах, биржийн давуу талыг олон нийтэд ойлгуулах зэрэг үр дүнд хүрснийг тэмдэглэв.
Цаашид биржийн арилжааны зуучлах ажиллагааг хөдөөд хүртээмжтэй болгох, цахим арилжааны системийг нэвтрүүлэх, биржийн байнгын бус гишүүний чадавхийг сайжруулах, биржийн барааны чанарыг ахиулах, бараа, түүхий эдийн гарал, үүслийг тодорхойлох, агуулах, лаборатори, тээврийн нөхцлийг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ.Хэлэлцүүлгийн явцад оролцогч талуудаас гарсан саналыг нэгтгэн дүгнэж Биржийн зохицуулах зөвлөлийн зөвлөмжид тусган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тогтсон талаар албаныхан мэдээллээ.
Б.МИШЭЭЛ