МАН-ынханд бууж өгдөггүй Д.Эрдэнэбат

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

МАН-ынханд бууж өгдөггүй Д.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаас буулгах нь цөөнхийн бүлэгт их ашигтай тусах бололтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос эхлүүлээд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар “Д.Эрдэнэбатыг Ардчилсан намын бүлгийн даргаас буулгачихвал эдийн засаг сэргэнэ” гэх үгийг ойрын үед ширүүхэн хаяглах болов.

Хамгийн сүүлд Төсвийн байнгын хороо хуралдаж байх үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн Ардчилсан намын бүлгийн гишүүдэд хандаж “Та нар намын нэрээр сонгогдсон Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаасаа буулгачихаач” гэж гуйж үзнэ билээ. Бүр шалдаа буусан бололтой. Өвлийн турш ингэж хашгираад амжилт олоогүй болохоор арга нь барагдаж буй хэрэг биз.

Харин олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар гишүүнд хандаж “Чиний яаж УИХ-д орж ирснийг түмэн мэднэ. Ч.Хүрэлбаатараа чиний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ шүү” гэх хариуг барина билээ. Үнэндээ ч Увс аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг ямар аргаар парламентын гишүүн болсныг ард түмэн андахгүй ч болсон доо. Хууль зөрчиж УИХ-д сонгогдсон гишүүнийг эргүүлэн татна гэвэл Хүрлээ, Чойжоо хоёр хамгийн тэргүүнд бичигдэж, парламентаас “хөөгдөх” байлгүй.

Ер нь ч тэгээд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Д.Эрдэнэбат гишүүнийг олонхийн бүлгийн даргаас чөлөөлчихвөл өөрсдийнхөө санаснаар “тоглолт” хийхэд амар болно гэж тооцоолсоных болов уу. Олон ч ярвигтай асуудлыг олонхийн бүлгийн дарга эвийг нь олж, цөөнхийн бүлэгт тохирсон хариуг нь өгч ирсэн болохоор Д.Эрдэнэбат гишүүнийг бүлгийн даргаас буулгах нь МАН-ын гишүүдийн нойрыг хугасалж байх шиг.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж