“Эр хүн амлалтдаа үнэнч байх нь эрхэм”

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

“Эр хүн амлалтдаа үнэнч байх нь эрхэм”

Жирийн иргэдийн амьдрал, үзэл бодол, амжилтын талаар өгүүлдэг ярилцлагын буландаа “Цагаан хас” хэмээх нацист бүлгэмийн тэргүүн, Ж.Эрдэнэзаяаг урилаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Жамбал овогтой Эрдэнэзаяа гэдэг. “Сандэй” группийн “Peace mall”-ийн  аюулгүй байдлын албаны даргаар ажилладаг. Эхнэр, гурван хүүхэдтэй. Том хүүхэд маань одоо 20 хүрч байна. Бага хүү маань гурван настай.

-Хамгаалалт, аюулгүй байдлын албаа удирддаг юм байна. Таны ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-За би ч бусдын л адил ажил, амьдралаа залгуулж яваа эр хүн дээ. Ажилдаа хайртай. Өглөө 08.00 цагт автобусандаа суугаад ажилдаа ирнэ. Шөнийн ээлжийн хамгаалагчаас мэдээлэл сонсохоос миний ажил эхэлнэ дээ. Дараа нь хамгаалагч нартаа даалгавар, аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгч, ажилд нь оруулдаг. Манай нэг ээлжинд 15 хамгаалагч ажиллана. Тэр залуусыг хариуцан ажиллана. Мөн барилгынхаа  үйлчилгээ, цахилгаан дулааны ажилтнуудтай хамтарч ажиллана. Харуул, хамгаалалтын алба хүнд шүү дээ. Тэднийхээ өөрсдийнх нь аюулгүй байдал, биеэ хамгаалах чадвар, сэтгэл зүй гээд олон тал дээр тусалж, дэмжиж анхаарахыг би их хичээдэг. Бидний ажилладаг цогцолбор гадаад, дотоодын иргэдийн худалдааны болон оффесийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг, Монголдоо томоохонд ордог өндөр зэрэглэлийн обекьт болохоор энэ том байгууллагын аюулгүй байдлыг хариуцан ажиллана гэдэг хариуцлагатай бөгөөд нэр төрийн хэрэг гэж ойлгодог доо.  

Бэрхшээлтэй зүйл багагүй л гардаг байх?

-Бидний ажил бол хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой шүү дээ. Ямар ч тохиолдолд хамгаалагч нар өндөр чадвартай байх шаардлагатай. Аливаа гэнэтийн гамшиг, галт түймэрийн аюул гаргахгүй байх тал дээр өдөр бүр, цаг, минут тутамд анхаарч ажилладаг болохоор сэтгэлзүйн хувьд хүмүүс тогтворгүй байдалд ажилладаг юм шиг санагддаг. 

Гурван жилийн өмнө би “Сандэй плаза”-д ажиллаж байхад нэг хэрэг гарч байлаа. Манай обектод худалдаа эрхэлдэг залуустай хүмүүс маргалдан, зодолдож,  худалдаа эрхлэгчдийн эд хөрөнгөд халдсан талаар мэдээ сонсоод тэр даруйд нь гурван  хамгаалагч  аваад очлоо. Тэнд хоёр талаас нийлсэн 20-иод залуус танхайрч, нилээд хэрэг мандаасан байсан. Бидний зүгээс аль нэгнийх нь талд оролгүй, тэднийг барилгаас гаргаж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан юм. Гэтэл тэр маргааны үеэр үйлчлүүлэгч, үйлчлэгч нарын хэн хэнийх нь аюулгүй байдлыг хангаж ажиллахаар очсон манай хоёр ч залуу хүнд бэртэж, хутганы шарх авсан. Ийм тохиолдол их, бага хэмжээгээр хааяа гардаг. Ямар сайндаа эхнэр маань “Одоо наад ажлаасаа гар, та нарын өөрсдийн чинь аюулгүй байдал баталгаагүй байна” гэж зөндөө л хэлдэг байлаа. Гэхдээ би хүнд бэрх гэж хойш суугаагүй ээ. Энэ ажилдаа их үнэнч шүү.

Та цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан уу. Яагаад хамгаалалтын албанд ажиллах сонирхолтой болов?

-Би хил дээр цэргийн алба хаасан. Тэр үеэс хойш дотоодын цэрэгт нэг хэсэг ажиллаж байгаад хувиараа харуул, хамгаалалтын чиглэлд ажиллаж байгаад 2002 оноос хууль ёсны дагуу энэ салбарт ажиллаж байна. Би энэ байгууллагад есөн жил ажилласан. “Хүн ажил голдоггүй, харин ажил хүнийг голдог”  гэдэг үнэн үг шүү. Манайхаар олон залуус ирнэ л дээ. Орж, гарна. Зарим залуус маань хэсэгхэн хугацаанд ажиллаж байгаад “Өө би ийм ажил хийдэг хүн биш юм байна, би чадахгүй, хэцүү юм байна” гээд яваад өгдөг. Ажлыг голж болохгүй ээ. Хүнд бэрх зүйлийг даваад л гарах хэрэгтэй. Хүн өөрийнхөө л төлөө хөдөлмөр хийдэг шүү дээ.

Таныг зарим хүмүүс “Цагаан хас” гэж бүлгэмийн тэргүүн гэж таньдаг. Та “Цагаан хас“ бүлгэмийнхээ талаар сонирхуулаач. Хэзээ байгуулагдан, ямар зорилготой бүлгэм юм бэ?

Би “Цагаан хас-Эх орончид” ТББ-ийн тэргүүн юм аа. Анх 1989 онд манай хэдэн найзууд нэгдэж, хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүсийн бүлгэм байгуулъя, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэдэд хууль ёсны шаардлага тавья гэж ярилцсаны үндсэн дээр энэ бүлгэмийг байгуулж байлаа. Бид нео нацист үзлийг талархан дэмжиж, хас тэмдгийг гол шүтээнээ болгосон. Анх бид гудамжинд гадаадын иргэдтэй тэмцдэг байсан бол ТББ болсон цагаасаа гишүүнчлэлээ өргөжүүлж, байгууллагынхаа шугамаар зарим иргэдэд тусалж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах болсон. Нийгэм рүүгээ чиглэсэн ажил хийхийх зорьдог гэдгийг маань хүмүүс одоо ойлгодог болсон байх аа.

-Тухайлбал та бүхэн ямар ажил зохион байгуулж байв?

-Бүлгэм байх үедээ хийж байсан томоохон ажлуудаас дурьдвал, “Хөх монгол” бүлгэмтэй хамтарч, 2000-аад онд Улаанбаатар хотод тархсан хятад, солонгос бичигтэй үйлчилгээний газруудын хаягийг солиулах талаар шаардлага тавьж байлаа. Гадаадын иргэдэд биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг хамгаалах гэж нилээд хичээсэн. Сүүлдээ ч бүр дийлдэхээ байсан л даа.  Мөн ядуу амьдралтай гэр бүлийн хүүхдүүдийг баярлуулж, шинэ жил, хүүхдийн баяраар ямар нэгэн сайн үйлсийн ажил хийдэг. Мэдээж  үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэх олон талт ажил хийдэг. Гишүүддээ сонирхолтой лекц уншуулна. Газар ус, эх орноо хамгаалах чиглэлд таниулга, сурталчилгаа хийнэ.

-Таныг хүмүүс ийм бүлгэмийн гишүүн гэдгийг мэдээд янз бүрийн байдлаар харилцдаг уу?

-Намайг зарим хүмүүс нацист, танхай этгээд гэж хардаг байж магадгүй ээ. Гэхдээ манай бүлгэмийн, бидний хэсэг залуусын зорьсон зорилгод охид бүсгүйчүүд, эх орон, газар шорооныхоо төлөө гэсэн  сэтгэл шингэсэн байдаг болохоор илүү олон хүн цаашид ойлгодог болох биз ээ. Гол нь үзэл бодлоо зөв илэрхийлж, зөв тэмцэх хэрэгтэй. Үүнийг бид маш сайн ойлгосон.

Танд амьдралд хөл алдах, алдаа гаргах үе гарч байсан уу. Хүн бүхэн л алдаа гаргадаг. Харин тэр алдаагаа давтахгүй байх нь чухал гэдэг бол амьдралын хамгийн үнэн дүр төрх л дөө.

-Алдаж явсан үе үү… Алдсан үе байсаан. Би залуудаа их омголон, бүхнийг хүчээр шийдэх гэсэн зан гаргаж байсан тал бий. Үндсэрхэг үзлээсээ болж хятад иргэдтэй байнга ам мурийж, гар зөрүүлдэг байлаа. Бас архи гэж идээг багагүй хүртсэн. Байлдаан самбоор хичээллэдэг байсан болохоор хүнээс айхаа мэдэхгүй, дайрч давшилсан л хүн байсан юм шиг байгаа юм. Аав, ээж, эхнэрээ их зовоосон. Харин анхны хүүхэд маань гарсан өдрөөс хойш би өөртөө тангараг тавьж, “Архи дарс хэрэглэхгүй, шалтгаангүй зодолдохгүй” гэсэн ам өчиг өгсөн. Өнөөдрийг хүртэл тэр амандаа хүрэхийг хичээж яваа л гэж боддог. Эр хүн өөртөө үг хэлбэл, түүндээ хүрдэг л юм байна. Амлалтдаа үнэнч байх нь эр хүний эрхэм чанар юм байна.

-Одоо бол таны амьдрал сайхан байна аа. Таны харцнаас, ярианаас мэдрэгдэж байна?

-Амьдрал баян. Өмнө нь би бүхнийг хар бараан талаас нь хардаг байсан юм шиг санагддаг. Орой ажил тарахад ядарсан юм шиг санагдах үе байдаг ч энэ сайхан залуустай ажилласан өдөр бүр би улам залуу болсон мэт сэтгэгдэлтэй харьдаг. Хүн ер нь өөрөөсөө дүү, залуу хүмүүсийг дэмжиж, ойлгож, тусалж ажиллах ёстой гэж би боддог. Хүний алдаа залуу насанд ихэвчлэн байдаг. Бас хүний амьдрал, ажлаа таних, ажилдаа сонирхолтой, ирээдүйдээ итгэлтэй болох тэр явц залуу насанд л байдаг. Тийм болохоор би залуучуудаасаа их эрч хүч авдгаа нуухгүй ээ. За тэгээд гэртээ харихад шулганах үрс, сайхан хань ижил маань угтаж байхад амьдрал тэр чигээрээ сайхан дөө. Амьдарч байгаа байр маань түрээсийнх ч гэсэн би сайхан гэр бүлтэй, сайхан ажилтай, сайхан хамт олон, мундаг удирдлагуудтай. Ажил, амьдралаасаа ямар нэгэн хар бараан зүйл олж харахгүйгээр сайхан л амьдарч байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж