Ажлын байран дахь стрессээс гарах 5 арга

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Ажлын байран дахь стрессээс гарах 5 арга

Та хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бус байна уу? Хааяахан өөрөө өөрөөсөө энэ ажил танд тохирсон ажил мөн эсэхийг асуудаг уу? Та шинэ ажил хайх тухай үе үехэн бодож сууна уу? Хэрэв та эдгээр асуултанд “тийм” гэж хариулсан бол ажлын стресс,ядаргаанд оржээ.

Ажлын ядаргаанд орох эсэх нь тухайн хүн ажлын байран дахь стресстэй хэрхэн харьцаж байгаагаас шууд хамааралтай юм. Аль ч ажлын байранд их бага ямар нэгэн хэмжээгээр стресс байж л байдаг. Ийм учраас стрессээс гарах, түүнийг аль болох сайн талаас нь харж сурах нь чухал юм. Та дараах зөвлөмжүүдээс ажлын байран дахь стресс, уур бухимдлаас ангижрах тухай зарим нэгэн санааг авч болно

1. Та амжилттай байсан үеээ дурсан санаж байгаарай.

Та ажилдаа хамгийн их амжилт гаргаж байсан үеээ дурсан санаж, тухайн үед энэ их амжилтанд хүрэхэд юу нөлөөлж байсан тухайгаа бодоод нэг үзээрэй. Жишээлбэл, маш урт удаан хугацаанд ажиллаж амжилттай хэрэгжүүлж байсан төслийнхөө үр дүнг эсвэл гайхалтай шинэ санааныхаа тухай гэх мэт.

2. Сөрөг бодлуудаасаа ангижраарай.

Хенри Форд нэгэнтээ “Та аливааг чадна гэвэл таны зөв, та чадна. Хэрэв чадахгүй гэвэл бас л таны зөв, та чадахгүй” гэж хэлсэн байдаг. Эерэг үг хэллэгүүд бидэнд үргэлж нөлөөлж байдаг. Дэлхий дээр хамгийн амжилттай яваа хүмүүс хамгийн өөдрөг үзэлтэнгүүд байдаг гэсэн судалгаа бий.

Та аливаа ажлыг боломжгүй, чадахгүй, бүтэшгүй гэж хэлэхээсээ өмнө түүнийг хэрэгжүүлж болох олон арга замыг хайж байгаарай.

Үглээ, гоншигнуур хамт ажиллагсад, элдэв хов жив, ажлын орчин дахь таагүй хандлагууд таныг хямрааж, сэтгэлээр унагааж болно. Гэхдээ та энэ бүхнийг үл тоомсорлож, ажлынхаа сайн сайхан талыг олж харж түүндээ төвлөрөн ажиллаарай. Бүхнийг сөргөөр хардаг нөхдүүд тун удалгүй таныг өөрөөр харж эхлэх болно.

3. Та гадагшаа гарч байгаарай.

Үдийн хоол идэх аль эсвэл аяга кофе уухаар гадагш гарах цагийг өөртөө олгож байгаарай. Та тэртэй тэргүй өдрийн ихэнх цагийг ажлын ширээнийхээ ард өнгөрөөдөг шүү дээ. Тиймээс хэсэгхэн ч гэсэн цагийг өөртөө гаргаж ажлаасаа ховхорч байгаарай. Түр хугацаанд ч болов утас, компьютероо унтраагаад гадагшаа гар. Хэдий утгагүй сонсогдож болох ч хэсэг ч гэсэн өөр орчинд байж амарснаар та эргээд шинэ эрч хүчтэйгээр ажлаа хийж эхлэх болно шүү дээ.

4. Хэв дадлаа өөрчлөөрэй.

Өдөр бүр нэг л хэвийн ажил хийх залхуутай, бухимдал төрүүлэх нь дамжиггүй. Та өдөр бүр явдаг замаа өөрчилж, бичгийн ширээгээ өөрөөр тохижуулж, аль эсвэл даргаасаа арай өөр үүрэг даалгавар өгөхийг гуйгаарай. Магадгүй шинэ дадлагын ажилтанг дэргэдээ авч зааж сургах, хурал зохион байгуулах гээд ямар нэг шинэ ажил хийж үзээрэй.

5. Төгсгөлд нь бусдаас тусламж авч байгаарай.

Бусдаас тусламж гуйх тийм нүгэлтэй үйл биш шүү дээ. Бид бүгд ажлын машинууд биш, жирийн л хүмүүс. Үнэхээр шаардлагатай тохиололд бусдаас дэмжлэг туслалцаа, зөвөлгөө хүсэхэд хэн ч буруугаар ойлгохгүй. Цаг мөч өнгөрөх тусам та ч бас хангалттай туршлагыг хуримтлуулах болно. Тэгээд нэг л өдөр хүмүүс таниас зөвөлгөө, тусламж гуйх өдөр ирнэ шүү дээ.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж