Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Ашигт малтмалын зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус өргөн барилаа. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг нь УИХ-д бараг 1 жилийн өмне өргөн барьсан. Ийм хуультай болохоор бараг 8-9 жил ярьж байгаа. Хуулийн төсөл дээр өнгөрсөн хугацаанд УИХ- ын ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын эцсийн хэлэлцүүлэг хийсэн ч зарим асуудлаар гишүүдийн байр суурины зөрүүтэй байдлаас хамааран санал хуваагдаж олонхийн санал авалгүй санал тэнцэн унасан юм. Иймд Засгийн газар маргаантай асуудлыг судалгаанд ундэслэн боловсруулж УИХ-д өргөн барьлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Газрын тосны хууль батлагдсанаар өөрийн улсад олборлож байгаа газрын тосыг дотоодод баригдах газрын тос боловсруулах үйлдвэртээ зах зээлийн унээр, тэргүүн ээлжинд нийлүүлэх боломж бүрдэнэ. Мөн олон улсын хэмжээнд шинэвтэр салбар буюу уламжлалт бус газрын тос болох нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занарын төрлийн ашигт малтмалыг эрх, хайх, ашиглах эрх зүйн орчин тодорхой болно” гэдгийг онцолж байлаа. Ингэснээр энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, хулээгдэж буй төслүүд хөдөлж эхлэнэ гэж үзэж байна.
Мөн Цагаан суваргын зэс молибдений ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх тогтоолын төслийг өргөн барилаа. Энэхүү ордын тухайд бүтээн байгуулалт нь хийгдэж ашиглахад бэлэн болсон аж.
Өнгөрсөн жилийн 5 сарын 31-нд долоон ордыг стратегийн ордод нэмж хамруулах тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан. Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж тогтоолын төслийг эргүүлэн татсан.
Засгийн газраас энэ удаад хөрөнгө оруулагч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлт ирүүлсэн Цайдамнуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг хамруулах тогтоолын төслийг өргөн барилаа.
Газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордуудын хувьд тус ордууд нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс, техник-эдийн засгийн үндэслэл боловсрогдож дуусаагуй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулах, Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыг ирүүлсэн тул тогтоолын төслөөс хасах үндэслэл болсон байна.
Эх сурвалж: www.mm.gov.mn