УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн гишүүдийн дэмжлэг хүлээгээгүй саналаар санал хураалгаж байгаад чуулганыг хаалаа. Учир нь ажлын хэсгээс оруулж ирсэн дэмжээгүй саналд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн “2014 оны төсвийн тодотголыг Засгийн газарт буцаах ёстой” гэх саналын томъёолол байлаа. Үүгээр санал хураалгасан нөхцөлд гишүүдийн ирц хангалтгүйгээс 2014 оны төсвийн тодотгол Засгийн газар луу буцаж өнгөрсөн өдрүүдийн ажил бүгд үгүй нөхцөл үүсэх тул саналаа маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж хэлэлцэхээр болж, хуралдаанаа хаасан юм.
Харин хуралдааныг хаахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Арвин нарын дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөв.
Төсвийн тодотголд Баянзүрх дүүрэгт хүнсний худалдааны төв байгуулахад зориулж улсын төсвөөс хөрөнгө гаргахаар санал гаргасныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж буруутгаж, Д.Арвин гишүүнийг үүнд холбоотой гэж үзэв. Тэрээр мөн “Баянзүрх дүүрэг бусдаасаа хамгийн олон захтай. “Дүнжингарав” нэртэй цэлийсэн том худалдааны төв, наана нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн “Наран туул” худалдааны төв, “Да хүрээ” техникийн зах, Арслантай гүүрийн хажууханд “Баянзүрх” хүнсний зах, “Боса” гээд өдий төдий худалдааны төв, зах байхад төсвийн хөрөнгийг барж ядаж байгаа юм шиг хүнсний төв барихад зарцуулах нь зохисгүй. Түүнийг өөр зүйлд зарцуулах ёстой. Ер нь тэгээд Д.Арвин чиний Ардчилсан нам руу гүйж орсон чинь эмнэлгийн барилгаас болж мөнгө төгрөгийн асуудалд орооцолдоод аргагүйн эрхэнд орсон хэрэг” гэж зандарсан юм.
Үүнд УИХ-ын гишүүн Д.Арвин “Хүнийг гүтгэлээ, Баянзүрх дүүрэгт хүнсний төв байгуулвал олон иргэн ажлын байртай болно” гэх тайлбар хийж, хоорондоо нэлээд маргалдаж, нэр бүхий гишүүд тэднийг шүүх дээр очиж учраа олох тухай зөвлөгөө өгснөөр маргаан намжсан юм.
Түүнчлэн УИХ-аар 2014 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хүрээнд Дипломат төлөөлөгчийн газруудын урсгал зардлыг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал дэмжлэг хүлээлээ.
Зардлыг нь дээрх хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага үүссэн нь валютын ханшийн өсөлттэй холбоотой аж. Дипломат төлөөлөгчийн газруудын урсгал зардлыг төсөв хэлэлцэх үеэр монгол төгрөгөөр тооцдог, гэтэл гадаад улсад амьдарч байгаа дипломатуудын хувьд өртөг өндөртэй оронд амьдарч байгаа нь эргээд хүндрэл учруулдаг байна. Тиймээс эл асуудлыг шийдэж өгөх зайлшгүй шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзсэн юм байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ард түмний цалин 30 хувиар үнэгүйдэж, 100 төгрөг тутмын 30 төгрөг нь цаас болж хувирчихаад байна. Аж ахуйн нэгжүүд ч валютын ханшийн өсөлтөөс асар их хохирол амсч агаарын тээврийн үндэсний гуравхан компани байсны нэг “Изинис эйрвис” дампуурчихлаа. Энэ эрсдлийг яаж тооцох юм” гэж асуусан ч үүнд хэн ч тодорхой хариулт өгсөнгүй.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд маргааш 09.00 цагаас чуулганы хуралдаан эхэлнэ.
Г.ДАРЬ