Д.Болд хоёр дахь продакшнаа нээнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Д.Болд хоёр дахь продакшнаа нээнэ

“B production” энэ жилийн уран бүтээлийнхээ нээлтээ хийлээ. Өнөөдөр “Blue sky tower”-т  “B production”-ы захирал Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр хөгжмийн найруулагч Н.Баярхүү, залуу реппер бүсгүй Номин, гитарчин Т.Мөнх-Оргил, “Гурван охин хамтлаг”, “Бид 4” хамтлаг болон бусад дэмжигч байгууллагын төлөөлөгчид оролцсон билээ.

“B production” студийг анх 2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд байгуулж Б.Маралжингоо, “Шоо хамтлаг”, “Эгшиглэн”, “Агиймаа”, DZ man, “Гурван охин” зэрэг хамтлаг, дуучдын цомог, сурталчилгаа, продюсерээр нь ажиллаж рок попын ертөнцөд залуу, шинэ уран бүтээлчдийг таниулж байсан удаатай.

Тэгвэл тус продакшны энэ жилийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид 4”, “Гурван охин” хамтлаг багтжээ. “Бид 4” хамтлагийн шинэ таван уран бүтээлээс бүтэх “Бид 4” цомог болон “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” зэрэг шинэ цомгууд өнөөдрөөс эхлэн “Hifi record’s”-ийн салбаруудаар худалдаанд гарч байгаа гэнэ. Мөн уншигчиддаа сонирхуулахад дуучин Д.Болд өнөөдөр өөрийнхөө 11 дэх цомгийнхоо нээлтийг хийсэн юм. Түүний шинэ цомог нь “Хувцасаа тайлаад шид” нэртэй. Уг цомогт “Хувцасаа тайлаад шид”, “Тамын хот”, “Би дуралмаар байна”, “One night”, “Бороо”, “Хөгжим” зэрэг бүтээлүүд нь багтжээ.

Мөн уг мэдээллийн үеэр эдгээр гурван уран бүтээлч, хамтлагууд өөрсдийн нэг нэг шинэ уран бүтээлүүдээ хүргэсэн бөгөөд хамгийн сонирхолтой бүтээл “Гурван охин” хамтлагийн реппер Н.Номинтой хамтран дуулсан “Би охин тэнгэр” дуу нь байлаа. Уг бүтээл нь тун удахгүй дүрсжиж рок поп, хип хоп сонирхогчдод  хүрэх нь ээ.

Ингээд уг мэдээллийн үеэр дуучин Д.Болдтой богино хугацаанд хийсэн ярицлагаа уншигчиддаа хүргье.

-Нийт цомгуудын онцлог ер нь юу байв ?

-Энэ жилийн уран бүтээлүүдийн онцлог маань бид илүү өөр өнцгөөс уран бүтээлүүдээ хийхийг хичээлээ. Урьд нь байсан хэвшмэл уянгын юм уу, давтагдсан сэдвүүдээс татгалзсан. Илүү эрч хүчтэй, өнгөтэй, цоглог, чөлөөтэй, дайчин өнгө аясаар уран бүтээлүүдээ гаргалаа. Миний “Хувцсаа тайлаад шид” цомог маань ч уг өнгө аясыг хадгалсан байгаа.

-“B production”-ны  хувьд өөр төлөвлөсөн ажил бий юу?

-“B production”-ны  хувьд өнөөдрийн байдлаар гурван цомгийг  худалдаанд гаргалаа. Тун удахгүй Б.Амархүүгийн цомгийг гаргахаар ажиллаж байна. Мөн поп хадагтай Б.Сарантуяагийн цомгийг хийхээр ажиллаж байгаа.

-Таны хувьд ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ жил өөрийн тоглолтыг хийхээр зэхээд байна. Хоёр гурван жил тоглолт хийсэнгүй. Өөрийнхөө гаргасан бүх цомгуудыг нэгтэгсэн, хит дуунуудаас бүтсэн тоглолтоо хийхээр төлөвлөсөн. “Монгол поп”, “R&B”, “Dance” гэсэн гурван урсгал нэгдсэн тоглолтоо хийх гэж байна. Дуугаралтын хувьд ч гэсэн илүү хүчтэй болох болов уу.

-“Бид 4” хамтлагийн гаргасан шинэ дуунуудын аяыг нь та өөрөө зохиосон гэж байсан?

-Эд нарын маань цомог илүү уянгын хандлагатай. Дурлаж яваа, хайр дурлалтайгаа учирч байгаа зэрэг залууст зориулсан бүтээлүүд тууривсан. Аяыг нь би өөрөө зохиосон.

-Дуунуудынхаа санааг хаанаас авсан бэ?

-Эхлээд ая хийж байх явцад нь санаанууд гараад, яруу найрагчидтайгаа холбогдсон.

-Дуучид, уран бүтээлчидтэйгээ ямар хугацааны гэрээтэй ажиллаж байгаа вэ?

-Дуучидтайгаа гурван жилийн хугацаатай хамтарч ажиллаж байгаа. Б.Маралжингоотой гурван жил хамтарч ажиллаад нэг цомог гаргаж өгөхөөр гэрээ хийсэн байсан. Гурван жилийн хугацаанд хамтарч ажиллаад Б.Маралжингоо маань ч гэсэн биеэ даагаад уран бүтээлээ хийж байгаа.

-Эдгээр хамтлагуудыг уран бүтээлийг эрчимжүүлэхийн тулд юу хийх гэж байна?

-Олон зүйл төлөвлөсөн. Реалити шоу хийх, кинонд тоглуулах гэх мэт ажлууд байна.

-Таныг “Pro sound’s” студийг худалдаж авсан гэх мэдээлэл үнэн үү?

-Одоогоор яг шийдэгдээгүй байгаа. Гэхдээ тун удахгүй “B production” хоёр дахь салбартай болно.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж