Төсвийн тодотголын хүрээнд царцаасан зарим обьектуудын хөрөнгө оруулалтыг нь шийдэхээр болж буй. Тэгвэл тэдгээр дотор төсөвт өртөг нь нэмэгдсэн 10 орчим обьектийн асуудлыг сөрөг хүчний зүгээс шүүмжлэснээс бол Ажлын хэсэг хэлэлцүүлгээс татаж, дараагаар нь нарийвчлан тайлбарлахаар шийдсэн.
Тэгвэл энэ талаар зарим гишүүд дургүйцлээ илэрхийлэн аудитаар ороод хянагдчихсан асуудлыг улс төржүүлснээс болж эдгээр барилгуудын хувьд дахин царцах байдалд орлоо гэсэн юм. Тухайлбал Л.Энх-Амгалан гишүүн “Гишүүдэд зөв мэдээлэл өгчихвөл ингэж үл ойлголцохгүй шүү дээ. Ажлын хэсгийнхэн олигтойхон шиг тайлбарлаач.Ямар ч шинэ зүйл тусаагүй, барих шаардлагатай л обьектууд байна. Дахиад л 13 обьект царцсан хэвээр үлдэх нь байна шүү дээ. Улс төржих шаардлага юу ч байхгүй. Бидний дарсан энэ хэдэн кнопнууд дахин хэдэн барилгыг нэг жил царцаах нь” хэмээсэн юм.
Гэвч МАН-ын ихэнх гишүүдийн хувьд энэ удаад нэмэгдлийг батлалгүй буцааж байгааг дэмжиж байв. С.Бямбацогт “Соёлын төвийн барилгыг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 863 сая төгрөг, Гэтэл Орхонтуулын багийн соёлын төвийг 1 тэрбум 383 мянга гэж ялгаатай байгаа нь ямар учиртай юм бэ. Танил талтай, хөөцөлддөг хүмүүсийнх нь үнэ өсдөг юм уу”, гэсэн бол Ц.Нямдорж “Засгийн газарт нь зохистой тайлбар алга. Хуулийн шаардлага хэлэнгүүт сөрөг хүчин рүүгээ дайрдгаа боль. Төсөв зохиож чадахгүй байгаа засгийн газартайгаа ярь. Ер нь та нар ямар сандал дээр сууж байгаагаа ойлгож байна уу. Дааганаас биш даравгараасаа болж унадаг юм шүү. Өөрсдөөсөө л болж иймэрхүү төсөв хийж байгаа юм. Үндэслэлгүй обьектийн үнэ өсөөд байгаагийн цаана заваарсан зүйл л байгаа. Яахаараа 600 саяд багтаж байсан барилга 1 тэрбум 500 сая болчихдог юм” гэж шүүмжилсэн байна.
Ийнхүү УИХ дээр тайлбар хийх үүрэгтэйгээр томилогдсон ажлын хэсгийнхэн олигтой тайлбар хийлгүй, асуудлыг дараа шийдэг хэмээн хойш тавихаар шийдсэн нь зарим гишүүдийн дэмжлэгийг, заримынх нь дургүйцлийг төрүүллээ.
Б.ЭНХ