Одоо л жинхэнэ Дэлхийн аварга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Одоо л жинхэнэ Дэлхийн аварга эхэллээ

Нэр хүнд, хамрах хүрээ зэргээрээ зуны олимпийн наадмаас ч илүү болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн анх удаагаа Хар тивийн хөгжингүй гүрэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад үргэлжилж байна. Дөрвөн жил хүсэн хүлээсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө дэлхийн 32 шилдэг багийн 736 тоглогч “Алтан дагина”-ын төлөө ногоон талбайд өрсөлдсөн ч аливаа тулаан бүрт ялагч, ялагдагч байдгийн жишгээр авьяаслаг, чадварлаг бас азтай, одтой нэг нь тэмцээнээ үргэлжлүүлж, харин нөгөө нь харууслын, гунигийн нулимстай нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Дөрвөн жилд нэг удаа дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатуудыг нэг дор цуглуулж чаддаг хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн энэ удаад ч тэрхүү уламжлалаа хадгалсаар. Вувузела гэх хуванцар бишгүүрийн дуу, толгойноосоо ч том хэмжээтэй өнгө өнгийн нүдний шил, элдэв чимэглэл бүхий малгай энэ удаагийн дэлхийн аваргын фанатуудын сонголт болжээ.

Найман хэсэгт хуваагдан өрсөлдсөн шилдэг 32 багийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн 16 багийн нэр тодорсон бөгөөд өнгөрөгч бямба гаригт шөвгийн наймын төлөөх дайн эхэлсэн билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүхэлдээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг ч хасагдах шатны тоглолтууд мэдээж хэрэг хамгийн ихээр сэтгэл догдлуулсан мөчүүд байдаг. Хөгжөөн дэмждэг, шүтэн биширдэг багийнхаа тоглолтын хором бүрийг зүрхээ чагнан үзэж, сэтгэлээрээ хамт байдаг фанатуудын сэтгэл талбайд гарсан тоглогчдоос ч дутуугүй. Учир нь хасагдах шатанд нэг бол ялагч, нэг бол ялагдагч л байна. Ялагч нь тэмцээнээ цаашид үргэлжлүүлнэ, харин ялагдагч нь гэртээ харина, ямар нэг тэнцээ, оноо хуваах, эвийн гэрээ байгуулна гэж үгүй.

Хөлбөмбөгийн баялаг түүх, арвин намтар, олон цол гуншинтай шилдэг багуудад Өмнөд Африкийн ногоон дэвжээ тун ч хатуу хандсан. Аваргын цомоо хамгаалахаар ирсэн Италийн шигшээ, мөн өнгөрсөн дэлхийн аваргын дэд аварга Францын багууд хэсгийн шатнаас гутамшигтайгаар нутаг буцаж, дэлхийн аваргын түүхэнд анх удаагаа өмнөх жилийн финалистууд эхний шатнаас гэртээ харьсан тохиолдол болов. Түүнчлэн зохион байгуулагч орны баг хэсгийн шатнаас мултарсан анхны дэлхийн аварга нь энэ байлаа.

Энэ удаагийн дэлхийн аваргаар Хар тивийн хүчирхэг багууд тэсэрч, аль нэг нь “Алтан дагина” хүртэнэ гэх таамаг олны дунд багагүй тархсан байсан ч хэсгийн шатнаас ганцхан Ганын шигшээ л хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авч, Хар тивийнхний хүсэл мөрөөдлийг тээж яваа. Түүнчлэн шөвгийн 16-д шалгарсан багуудыг авч үзвэл 1930 онд болсон анхдугаар дэлхийн цомын тэмцээнээс хойш түүхэнд анх удаагаа Европ тивийнхнээс илүү олон Америкийн баг багтжээ. Тодруулбал, Америкаас Өмнөд Африкт хүрэлцэн ирсэн найман багийн долоо нь тэмцээнээ үргэлжлүүлэх болсон бол Буурал тивийн 13 багийн ердөө зургаа нь л хасагдах шатны эрхээ авсан юм. Тэр тусмаа Бразил, Аргентин нарын тэргүүн төлөөлөлтэй Өмнөд Америкчууд хүчирхэг байж, тавуулаа дараагийн шатанд шалгарснаас дөрөв нь хэсгээ манлайлсан. Дээр нь Төв болон Хойд Америкийн холбооноос Мексик, АНУ, мөн Ази тивээс Япон, Өмнөд Солонгосын багууд шалгарсан билээ.

Ерөнхийдөө энэ жилийн дэлхийн аваргад хэдийнээс алдартай Европын хүчирхэг багууд тааруухан амжилт гаргасан. Яруу алдарт Итали болон Францын шигшээ хэсэгтээ сүүл мушгисан бол Герман, Испанийн багууд эхний хоёр тоглолтын дараах байдлаар тун тааруу амжилт үзүүлээд байсан юм. Түүнчлэн хөлбөмбөгийн эх орон англичууд хоёр тоглолтод дараалан тэнцэж, багагүй шүүмжлэлд өртсөн. UEFA-д бүртгэлтэй ердөө зургаан баг шөвгийн 16-д шалгарсан нь рекорд тогтоохоор бага үзүүлэлт байлаа.

Ням гаригийн байдлаар шөвгийн 16-гийн эхний хоёр тоглолт болж, Гана АНУ-ын багийг нэмэлт цагт хожсон бол Уругвай Азийн төлөөлөл БНСУ-ын багийг буулган авч, дунд шөвөгт хоорондоо тоглохоор болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд Монголын цагаар 30-ны шөнө дуусч, шөвгийн наймын тоглолтууд ирэх сарын 2-нд эхэлнэ. Харин энэ жилийн дэлхийн аварга баг Монголын цагаар долдугаар сарын 12-ны шөнө тодорч, “Алтан дагина” 30 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж