Цагдан хорих 461 дүгээр ангид хууль бусаар хоригдож 36 хоног өлсгөлөн зарлаад байгаа гэх Н.Вандансангийн өмгөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тэд шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг урьдчилан хорих төвд хорьдог, залхаан цээрлүүлж байгааг хэрэг хүлээлгэдэг явдал байсаар байгааг шүүмжилсэн. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Таны үйчлүүлэгч Н.Вандансэнги ямар хэргээр шалгагдаж байгаа вэ?
-Н.Вандансанги нь онц хүнд гэмт хэргээр яллагдаж байгаа. Гэхдээ анхнаасаа хэргээ хүлээгээгүй. Гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас 36 хоног өлсгөлөн зарлаад байна. Энэ хэргийг үйлдсэн жинхэнэ хэрэгтэн нь н.Авирмэд гэж хүн. Гэтэл манай үйлчлүүлэгчид хилсээр хэрэг тохох гээд байна. Авирмэд нь Ганц худагт хоригдож байгаад гарч ирэхдээ өөрийгөө боомилоод амиа егүүтгэчихсэн. Гэтэл мөрдөн байцаагч нь энэ хэргийг хэн нэгэнд тохож илрүүлсэн нэр зүүгээд цол, албан тушаал ахих санаатай байгаа юм байна гэж хардаж байгаа. Авирмэд нь өөрөө энэ хэргийг би үйлдсэн гээд гэрээслэл бичээд амиа хорлочихоод байхад Вандансангийг хориод байна.
-Тус хорихын удирдлагууд өлсгөлөнг зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Үгүй, одоо хүртэл түүнтэй хэн ч уулзаагүй байгаа. Байцаагчид болохоор чи эндээ үхвэл үхнэ биз. Хариуцлагыг нь ШШГЕГ хүлээнэ биз гэсэн маягтай ханддаг. Тэр хүнийг шүүхээс гэм буруутайг нь нотлоогүй байхад гэмт хэрэгтэн юм шиг харьцдаг.
-Сэжигтний биеийн байдал ямар байна?
-Түүний биеийн байдал муу байгаа. Уургийн дутагдалд орсон, зүрхний хэм алдагдсан байдалтай, биеийн байдал нь тун хүнд байгаа. Гэтэл хүний эрхийг хамгаалсан байгууллагууд таг чиг байна.
Э.ДАРХИЖАВ