Шанхай хотноо Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын /АХАИББХ/ Дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалт “Энхтайван, тогтвортой, хамтын ажиллагааны шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” сэдвийн дор болж өнгөрлөө. Лхагва гаригт өндөрлөсөн энэхүү уулзалтын гол зорилго нь хөгжлийн олон янзын чиг баримжаатай Азийн орнуудад энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, үүний тулд итгэлцлийг бий болгох явдал байлаа хэмээн олон улс судлалынхан дүгнэцгээж байна.
Азийн бүс нутагт улс орнуудын дунд үүсээд байгаа ярвигтай асуудал цөөнгүй бий. Солонгосын хойгоос эхлээд газар нутгийн хилийн маргаанууд мөн Иран, Хойд Солонгосын цөмийн асуудал гээд бүс нутгийн төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлыг татсан хүндрэлтэй асуудлыг яваандаа илтгэлцэл, эв найрамдлаар шийдвэрлэхэд энэхүү АХАИББХ багагүй үүрэг гүйцэтгэх байх гэсэн найдлагыг ч азичууд тавих болсон. Гэхдээ энэ удаагийн бага хурлын гол анхаарал Хятад, Оросын хамтын ажиллагааны зүгт чиглэж байсан гэж хэлж болно. Ялангуяа их гүрнүүдийн дунд эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ тоглолт хэрхэн болох вэ гэдгийг дэлхийн олон улс амьсгаа даран ажиглаж байв. Хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, стратегийн түншлэлд хүргэхээр зорьж буйгаа Шанхайн хурлаар зарлалаа. ОХУ-ын “ГАЗПРОМ” нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн “CNPC” корпораци байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхайд баталж, 30 жилийн хүчинтэй гэрээний нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. ОХУ мянган шоо метр хийг Европт 365 ам.доллараар зардаг бол Хятадад 350 ам.доллараар нийлүүлэхээр тогтож, гэрээний урьдчилгаа болгож 25 тэрбум ам.доллар авахаар тохиролцсон гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд цацаж байна.
Арван жил хүлээлтийн байдалтай байсан энэхүү гэрээг хоёр улс үзэглэснээр Амур мөрний дээгүүр Оросоос Хятад хүрсэн төмөр замын анхны гүүрийг барьж, 2016 онд ашиглалтад оруулахаар болжээ. Гүүр барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх бөгөөд Хятадын зүгээс барилгын бүтээн байгуулалтын ажилд 70 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон гэх. Энэ нэгэн гэнэтийн гэрээ, үйл явдлаас улбаатайгаар их гүрнүүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн 400 тэрбум ам.долларын наймаа хоёр их хөршийн дунд хавчуулагдан оршиж байгаа, газрын хэвлий доороо асар их баялгийн нөөцтэй Монголд ямар ашигтай вэ гэсэн асуулт тавихад хүргэж байна.
Европын холбооноос сануулга авч, эдийн засгийн хоригт орчихоод байгаа Оросын хувьд Хятадын зах зээлд хий нийлүүлэх эртний хүслээ ийнхүү гүйцээсэн нь дэд бүтцийнхээ асуудлаас болоод нүүрсний экспортоо хумихад хүрээд байгаа монголчуудад багагүй болгоомжлол төрүүлж буй. Далайд гарцгүй, хоёр их гүрэнтэй хил залгаа , дэд бүтэц муутай, хөгжиж яваа орны хувьд ОХУ, Хятад хоорондын дунд хийгдсэн хийн наймаа манай улсад нэг талын ашигтай, нөгөө талаар асуудалтай гэдгийг олон улс судлалынхан болоод эдийн засагчид онцолж буй. Учир нь Орос хэдийгээр мөнхийн хөрш ч гэлээ бас мөнхийн өрсөлдөгч. Хятадын зах зээлд нийлүүлэх тус орны нүүрсний экспортын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, харин манай нүүрс хил дээрээ үнс болж байгаагийн дээр нэмээд 30 жилийн хугацаатай хийн гэрээ байгуулна гэдэг сайн, муу хоёр талтай гэдгийг хэдийнээ харьцуулсан тайлбарууд ч сошиал ертөнцөөр хөвөөд эхэлжээ. Муу нь гэвэл манай улс газрын доор байгаа 150 тэрбум тонн нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаа хурдавчлах. Алгуурлах тусмаа ойртон дотносох итгэлцлээр дүүрэн байгаа их гүрнүүдэд "идүүлээд" өнгөрөхгүй гэх аргагүй.
Сайн нь ОХУ-ын Хятад руу чиглэх хөрөнгийн урсгалыг Монголоор дайруулж чадвал манай эдийн засагт томоохон дэмжлэг болно. Өөрөөр хэлбэл, ухамсартай, хариуцлагатай, хамгийн гол нь дотооддоо нэг баг болж тоглож чадах аваас хоёр улсын хооронд урсч байгаа хөрөнгийн урсгалаас хувь хүртэх боломж олдоно гэсэн үг. Эдийн засгийн хүрээнийхэнд шуугиан тариад байгаа 400 тэрбум ам.долларын гэрээг зөвхөн юань, рублиэр хийнэ гэсэн мэдээлэл ч цацагдаад эхэлжээ.
Шанхайн хурлын үеэр мөнхийн гурван хөршүүдийн төрийн тэргүүн нар тусгайлан уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрхэн идэвхжүүлэх талаар санал солилцсон нь олон улсын хэвлэлийнхний анхаарлыг ч татаж буй юм. Ялангуяа их гүрнүүдийн дунд өрнөсөн том наймаанд Монгол яаж хандах бол гэсэн хүлээлт нэгэнтээ бий болчихжээ. Манай Ерөнхийлөгчийн хувьд их гүрнүүдийн төрийн тэргүүн нартай бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх үүний хүрээнд бол төмөр замын транзист тээврийн асуудлаар ярилцсан гэдгээ айчлалыг сурвалжилсан сэтгүүлчдэд ярьсан байна. Ийнхүү итгэлцэл, энх тайван дээр суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том наймаа нь Орос, Хятадын хооронд болсон хийн гэрээ боллоо. Их гүрнүүдийн итгэлцэл дээр суурилсан эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол бодлого, зохицуулалтай тоглож чадвал морьтны хишиг явганд гэж нэг үг бий.
Ж.НЯМСҮРЭН