Замын хөдөлгөөний дүрмийг хамгийн ихээр зөрчдөг, хурд хэтрүүлэн давхидаг, чиглэлээ хашгирч зарладаг микро автобусны үйлчилгээтэй холбоотой олон асуудал хэл ам дагуулдаг. Том оврын автобус тогтсон нэг тарифаар,тодорхой цагаар үйлчилдэг бол микроавтобусууд хол ойроос, үйлчилж байгаа цагийн байдлаасаа хамаарч үйлчилгээний тарифаа өөрчилдөг. Гэвч жирийн иргэдэд микроавтобусаар үйлчлүүлэхэд бас олон давуу тал бий. Учир нь том оврын автобус зуны улиралд 22 цагт, өвлийн улиралд 21 цагаас хойш иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Харин микро автобуснууд цагийн хязгаарлалтад орохгүй, иргэдэд хүссэн газарт нь түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг билээ.
Нийслэлийн тээврийн газраас микро автобусны чиглэлд хязгаарлалт хийснээр хулгайн тээвэр нэмэгдэж, нийтийн тээвэрт эмх замбараагүй байдлыг улам гааруулах аюултай. Үндсэн чиглэлээрээ явах боломжгүй микроны жолооч нар орон сууцны дундуур, гэр хорооллын замуудаар дур дураараа хэрэн давхилдсанаар авто тээврийн осол ч нэмэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.
Нийслэлд 5000 гаруй микро автобус иргэдэд үйлчилдэг гэдэг. Одоо хязгаарлалтад орж байгаа болон бүрэн хаагдаж байгаа чиглэлд уг нь 1000 гаруй микроавтобус үйлчилгээнд явж байжээ. Тэд улсад сар бүр 10 мянга, зуучлагч компани болон Нийслэлийн нийтийн тээврийн газарт 150 мянган төгрөгийн татвар төлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй микро автобус жилд 150 сая орчим төгрөгийг улсад, зуучлагч компанид хоёр тэрбум гаруй сая төгрөгийн татвар төлдөг байна.
Хэдийгээр хэл ам их дагуулдаг ч гэсэн хөдөлгөөнийг нь зохицуулж, иргэдэд ая тухтай, аюулгүй үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл цагт хавчигддаггүй энэ үйлчилгээ иргэдэд хэрэгтэй л байна.
Ямар ч гэсэн чиглэл нь хаагдаж байгаа микро автобусны жолооч нар өнөөдөр зорчигчдийн төвлөрөл ихтэй I дүгээр хороолол, III-IV дүгээр хороолол зэрэг замуудыг хааж эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ.
П.Наран