Аагим халуун эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Аагим халуун эдийн засаг

Нийслэлд шатам ха­луун өдрүүд
үргэлжилж бай­гаагийн зэрэгцээ эдийн за­саг тойр­сон бум түмэн
асууд­лууд гал уулын идэвх­жил мэт ан­хаарал тата­хаар бай­на. Үнийн
өсөлтийн гал­­­­­зуурам халуунд хэрэг­лэг­чид нэрвэгдэж бай­гаа ч гэсэн
худалдан авалт ба­гас­сангүй. Цаашид ч өсөх тө­лөв­тэй байна гэмээр.
Нээлт­­тэй нийгэм хүрээлэн, Сан­­хүүгийн зах зээлийн хол­бооноос хамтран
хийсэн су­дал­гаагаар хэрэглэгчдийн ху­дал­дан авалтын хүлээлт их
хэвээр, үүнээс инфляци цаашид нэмэгдэх төлөвтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Хү­мүүсийн орлого нэмэг­дээгүй мөртлөө худалдан авалт буурахгүй,
инфляцийг тэтгэх хүлээлт яагаад бай­саар байна вэ гэдгийг тайл­барлахад
хэцүү. Ирэх дол­дугаар сарын эхээр тус судалгааны хоёр дахь хэ­сэг буюу
оны эхний хоёр улир­лын судалгааны дүн гарах учраас, үүнд бас ха­риулт
гарч ирэх байх гэж най­дацгаая.

Зуны аагим халуунд идэвх нь сулардаг улстөрийн амьд­рал бужигнасан
хэвээр. Дэл­хий нийтийн анхаарлыг татаж буй юанийн ханшийн “эрх
чөлөө”-ний талаар тайл­бар өгөх мэргэжилтэн үгүй, хар зах болоод Төв
банкны хан­шид ч юанийн хөдөлгөөн нэг их анзаарагдахгүй байгаа эс
тооцвол… Энэ жилийн хувьд эдийн засгийн амьдрал чанга, халуун байна.

Учир нь Төрийн ор­донд хэлэлцэж буй асуудал, олны анхаарал татсан
сэд­вүүд ихэнхдээ эдийн зас­гийн асуудлуудаар өрнөж байгаа болохоор
эдийн зас­гийн үйл явдал ч аагим халуун байна гэж хэлэхэд буруу­тахгүй
байх. Энэ хаврын чуулганы хамгийн том үйл явдлуудын нэг нь мэдээж хэрэг
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан нь. Олон жил
яригдаж, багагүй дуулиан тарьж байсан төмөр замын бодлогыг баталсан нь
ямар ч гэсэн нэг том алхам. Ингэснээр Монгол Улс эхний ээлжинд
Сайншандын аж үйлдвэрийн паркийг дэмжих буюу өргөн царигийн тө­мөр замыг
дэмжих нь тов тодорхой болов. Өргөн, на­рийн гэж баахан маргасан
талуудын хувьд зөв, буруу гэсэн тайлбар байж болох ч нэгэнт асуудал
шийдэгдлээ. 

УИХ-ын энэ удаагийн ший­дэх ёстой дараагийн том асуудал нь Тавантолгой.
Таван­­толгойн асуудлыг энэ чуулганд багтаан шийд­вэр­лэнэ гэсэн “жанжин
шу­гам” ёсоор бол чуулган өн­дөр­лөхөөс өмнө буюу ирэх долдугаар сарын
5-н гэхэд асуудлыг шийднэ. Өм­нө Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг
хийж бай­­сан уламжлал ёсоор хө­рөн­гө оруулагчийг сонгон шал­гаруулах
болоод гэрээ хийх эрхийг Засгийн газарт өгснөөр энэ асуудал өнөөхөндөө
шийдэгдлээ гэж үзэх ёстой болохоор энэ хуга­цаанд ч мөн амжих нь
то­дор­хой буй за.

Дараагийн том асуудал бол банкнуудыг бүтцийн өөрчлөлт. Инфляциа барих
гэж ядаж байхад бэлэн мөн­гө тарааж, дээрээс нь ца­лин нэмнэ гэж амлалаа
гэж бухимдаж байгаа Төв бан­к­ныхны бас нэг дэв­шүүл­сэн асуудал. Банк,
санхүүгийн салбарыг илүү чадварлаг хү­чир­хэг болгохын төлөө
дэв­шүүлсэн хөтөлбөр гэж сана­ач­лагчид нь тайлбарлаж буй энэ төслийг
УИХ-д хэр­хэн танилцуулж, хэлэл­цэх эсэх ёстой талаар “про­це­тур”-ын
гацаа үүсээд бай­гаа. Одоогоор уг төслийг Монгол­банк УИХ-д дангаараа
өргөн барих хууль эрх зүйн чадамж үгүй тул Сангийн яамтайгаа ойлголцоод
ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх гэж төв банкныхан үзэж байгаа юм.

Банкны салбарт бас нэг онцлох үйл явдал хүлээгдэж байгаа нь Банкны тухай
шинэ хууль. УИХ-аас өнгөр­сөн хоёрдугаар сард шинэч­лэн баталсан Банкны
тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх
ёстой. Уг хуу­лиар бүх арилжааны бан­кууд хөрөнгө оруулагч, эзэд,
хувьцаа эзэмшигчдээ ил тод болгох ёстой. Ингэснээр олон хардлагыг эцэс
болгоно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Мөн үүнтэй зэрэг­цээд
дэлхийн эдийн зас­гийн хямралын үед бан­куудээ тэтгэх зорилгоор
гар­­­­га­сан арилжааны банкны хад­галамжийн баталгааг төр даах ёстой
хуулийг банк­­ны даатгалын систем бол­гон өргөжүүлэх шинэ ажил эхлэх
ёстой. Хэдийгээр дол­дугаар сарын нар тон­гойн­гуут монголчуудын
ам­ралт, зугаалгын улирал эхэлж, найрын дугараа үргэл­жилдэг бол энэ
жилийн хувьд ийн дэлгэр зуны аа­гим халуун өдрүүдэд эдийн засгийн үйл
явдлууд ч ар араасаа буцалсаар байх бололтой. УИХ-ын чуулган
өндөрлөнгүүт л аливаа ажлаа умартан сонгогдсон тойрог рүүгээ хормой
дэрвүүлэн гүйдэг улстөрчид хийгээд, ямар нэг асуултын хариу “Хариуцах
мэргэжилтэн, тө­рийн албатууд ээлжийн амралтаа авсан…” дүнхүү хариулт
өгдөг уламжлал дав­тагдахгүй бол шүү дээ.

Гэхдээ л энэ жилийн хувьд долдугаар сар гарангуут л хүмүүс амралтын
байдалд ордог доо гэсэн ерөнхий “прогноз” эвдэгдэж магадгүй л байна.
Дээр дурдсан хийгээд эдийн засагт буцалж буй асуудлуудаар бол…

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж