Сүүлийн үед жендэрийн тэгш байдлыг нийгэмд хангах тухай их ярих боллоо. Бүр хэдэн жилийн өмнөөс Жендэрийн тэгш байдлын үндэсний хороотой болж, түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд толгойлж байна. Мөнөөх гуйвсан утгаар нь ойлговол манай Засгийн газар, Ерөнхий сайд баахан амбицтай авгай цуглуулж Их Хуралд зүтгүүлэх нь ээ гэж “сэрдмээр”.
Жендэрийн тэгш байдал гэдгийг ингэж буруу ухаарснаас УИХ-ын эрэгтэй гишүүд маань ч суудлыг нь булаах хэдэн хүүхэн гарч ирэх нь гээд Сонгуулийн хуульдаа квот гэдэг зүйлийг оруулж өгөхөөс цааргалдаг болов. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байна гэсэн зүйл Сонгуулийн хуулийн төсөлд “андуурч” оруулснаа төдөлгүй залруулж, хэрэглэж ч үзээгүй хуульдаа өөрчлөлт оруулан квотыг авч хаясан. Одоо УИХ-ын ажлын хэсгээс боловсруулаад байгаа Сонгуулийн хуулийн төсөлд 15-аас доошгүй хувь нь эмэгтэй байж болно хэмээн “үнэртэх төдий” санал оруулчихаад, түүндээ багагүй гэмшиж буй. Гэхдээ энэ хуулийг хараахан хэлэлцэж батлаагүй болохоор квотыг аваад хаячихыг ч байг гэх газаргүй. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад чамгүй хугацаа өнгөрсөн ч Сонгуулийн хуультай хамтруулна гээд мөн л хойш тавьчихаад байна.
Гэтэл тэгтлээ дургүй хүргэдэг жендэрийн асуудлаар эрчүүд өөрсдөө тийм ч сайнгүй үзүүлэлттэй байдаг нь тоо баримтаас харагддаг. Мөнөөх “За яахав, эмэгтэйчүүдийн улс төрд гарах гэсэн амбицын тухай л биз” гээд сөхөж ч харалгүй чулуудчихсан Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөлд эрчүүдийн дунд тулгамдсан жендэрийн асуудал олноороо багтжээ. Эхнэр нь өөд болсон, салж сарниснаас болоод ганц биеэрээ хэдэн хүүхдээ өсгөх гэж зүтгэж яваа аав олон бий. Бүүр муухан ээжээс илүү гарах аавууд зөндөө. Гэтэл ганц бие эцгийн нийгмийн даатгал, халамжийн эрхийг өнөөг хүртэл баталгаажуулсангүй. Эрчүүдийг мөнгө олох хэрэгсэл гэсэн ойлголт нийгэмд улам гүнзгийрсээр. Ажлын байраа алдах, мөнгөн орлого нь хомсдоход гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг нь эрчүүд. “ Гэр орноо тэжээж чадахгүй мануухай юу чи” гэсэн хонхыг эхнэр нь чихэнд уяад ирэхээр гудамж бараадан хатуу дарстай нөхөрлөж,тэндээсээ “Өвгөнтийн хөндий”-н орон тоог нэмэх замдаа орсон эрчүүд цөөнгүй. Шороонд хөлбөрөөд унаад өгсөн согтуу эрчүүд захаас аваад замаар үргэлжилдэг. Чингисийн дайчдын үр удам ингэх гэж хэмээн халагламаар. Дундаж наслалт нь эмэгтэйчүүдээс даруй 10-аад жилээр доогуур, боловсролын төвшин тааруу, үүнээсээ болоод бүсгүйчүүддээ гологддог болсон гээд тоочвол жендэрийн тэгш байдал алдагдсан нь харин эрчүүд ч болж хувирах шиг. Эрчүүд, эмэгтэйчүүдгүй л өөр өөрийнхөөрөө жендэрийн тэгш байдлын алдагдалд орсныг сэтгүүлчид өнгөрсөн баасан гаригт цуглаж суугаад ярилцлаа.
Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн До.Чулуунбаатар, Д.Заяабат нар сэтгүүлчидтэй жендэрийн сэдвээр ярилцаж өнжсөн юм.
1990-ээд оноос гаднаас орчуулгагүй орж ирсэн, эхнээсээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийг хэлдэг юм шиг хазгай ойлголт төрүүлээд гажуудчихсанаас биш жендэрийн тэгш байдал гэдэг монголд аль эрт цагаас байсаар ирсэн зүйл. Монгол хийгээд дорнын ард түмэнд арга билгийн ухаан гэж бий. Үүнийг эдүгээчилж ойлговол жендэрийн тэгш байдал. Төрд арга тал дийлбэл бодлого хатуурч нийгмээсээ холдоод явчихдаг, билэг хэтэрвэл хэт зөөлөрдгийг Чингис хааны үеэс мэдэж тэнцүүлж иржээ. Чингис хааны төрийн хатад Их Хурилдайд сууж үзэл бодлоо хэлж, хаан угсааг залгамжлах асуудлыг ч сэрээж сануулж байсан нь төрд хаан ухааныг хатан ухаанаар түшүүлж арга билгийг тэнцүүлж байсны илрэл гэлтэй. Хожмоо Манжийн бодлогоор Төвдийн шарын шашныг Монголд нутагшуулахдаа гүн ухааны асар өндөр бясалгалын ухааныг нь гуйвуулж, эрчүүдийг нь төр, цэргийн хэргээс хөндийрүүлэн талаас илүүг нь лам болгосон. Хүн амыг нь цөөрүүлэх гэхдээ хуврагуудыг эхнэр авахгүй гэлэн болгож, эм хүн бузар булай хэмээн сурталдсаар Монголын төрийн хүчирхэг байсны үндэс болох хаан ухаанаас хатан ухааныг нь салгаж дөнгөсөн гэдэг. Төрд хатдын түшиг их байсны гэрч одоо төрийн долоон эрдэнийн нэг Хатан эрдэнэ төдийгөөр үлджээ. Төрийн эрх мэдэлтнүүдийг нь өнгө мөнгө, хээл хахуулиар урхидан сүйрүүлсний балаг өнөөдөр ч улбаагаа тавихгүй авлига, хүнд суртал амь бөхтэй зууралдсаар байна.
Арга, билгийн тэнцвэрийг парламентдаа хангаж чадсан орнуудад авлигын хэрэг эрс буурч, нийгмийн хамгаалал сайжирдаг аж. Харин арга тал нь давсан манай УИХ-д хээл хахуулийн хэрэг үе үе мандахаас гадна нийгмийн хамгааллаа тавьж туучихаад бэлэн мөнгөний амлалтаар түүнийгээ нөхөх гэж сандарч сууна. УИХ-даа 97 хувийн төлөөлөлтэй эрчүүдийн нийгмийн байдал тааруу байгааг дээр цухас дурдсан. Аргаа ядаад, ажлын байраар тэднээ хангаж чадахгүй болохоороо шулуунаар нь БНСУ руу баахан хар ажилчин гаргадаг. Нар, бороонд өчнөөн хоног дугаарлан байж сая БНСУ явах эрх олсон мөнөөх хэд нь боолын хөдөлмөр эрхэлсээр өвчний үүр болоод эргэж ирдэг. Энд дутсан ажиллах хүчээ Хятадын хөдөөд үйлээ барж суусан тариачдаар нөхдөг. Арга тал нь хэтэрсэн манай улс төрчдийн авч байгаа нийгмийн мэргэн арга хэмжээ энэ. Жинхэнэ нийгэм рүүгээ хандсан арга хэмжээ авах гэхээрээ хойргоос гадна шоолж доромжлох гэдэг нь учиргүй.
Сүүлийн өдрүүдэд УИХ-аар эхчүүдэд Алдарт эхийн одон олгох болзлыг хөнгөрүүлж, тэтгэмж үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Ээжүүд төрийн сүлдэндээ залбирч суугаа байх. Гэтэл түүнийг хэлэлцэж байгаа УИХ-ын гишүүн ноёд яаж аяглаж байна гээч. “Энэ хуулийн санал дүгнэлтийг би л лав уншихгүй, чи унш” гэж нааш цааш түлхэснээ “За за Оюухоролоор уншуулъя, ха ха, хэ хэ” гэлцэн их л хоржоонтой маасайцгаана лээ. Ээж, эхнэрт нь хамаатай, бүр цаашлаад тэтгэмжийн мөнгөө хасуулсан хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх асуудалд ингэж ханддаг гишүүд харин тендэр, уул уурхайн орд ярихаар би уншия, би ажлын хэсэгт нь оръё гээд л уралддаг юм даа. Төрд хатан ухаан дутан билэг орхигдож арга чанар хэтийдэхээр ийм болдог байна.
Эндээс харахад жендэр гэдэг тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд нэмэхийн зэрэгцээ тун базаахгүй байгаа эрчүүдийн асуудалд ч хамаатайгаас хамаатай хэрэг болоод байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ